Гаитид туслахыг НҮБ уриалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-11 13:54:58

НҮБ. /ВВС/. “Мэтью” хар салхинд нэрвэгдсэн Гаити улсыг сэргээн босгоход “их хэмжээний мөнгө” хэрэгтэй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдлээ.

Бан Ги Мүн хэлэхдээ “тус улсын зарим хот, тосгод газрын хөрснөөс арчигдсан. Хүмүүс тусламж ирэхийг хүлээсээр байна. Тэнд нөхцөл байдал нэн хүнд боллоо” гэв.

Гаитид туслахын тулд 120 сая доллар яаралтай хандивлахыг НҮБ улс орнуудад уриалж байна.

Хар салхи Карибын тэнгис дэх Гаити улсыг дайран өнгөрөх үеэр 900 орчим хүн амь үрэгдсэн юм.

Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд тус бүс нутгийг дайран өнгөрсөн хамгийн хүчтэй хар салхи гэгдэж буй “Мэтью”-гийн улмаас Гаитид хэдэн арван мянган айл өрх орон гэргүй болж, 60 мянга орчим хүн түр хоргодох байранд амьдарч байна.

НҮБ-ын тэргүүн цааш нь хэлэхдээ “хар салхины улмаас хэдэн зуун хүн амиа алдсан. Одоо 1.4 сая хүнд яаралтай тусламж хэрэгтэй байна. Гаитигийн зарим хот, тосгон газрын хөрснөөс бараг арчигдсан. Үр тариа болон хүнсний нөөц бүхэлдээ сүйдсэн. 300 орчим сургууль нурж сүйрсэн” гэлээ.

Г.Доржханд

 

Related news