Беларусийн Гадаад хэргийн сайд Умард Солонгост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-07-22 17:32:48

ПЁНЬЯН, 2024 оны долоодугаар сарын 22 /Yonhap/. Беларусийн Гадаад хэргийн сайд Максим Владимирович Рыженков энэ долоо хоногт Умард Солонгост айлчилна гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд өнөөдөр мэдээлжээ. Пёньян, Москвагийн харилцаа гүнзгийрч байгаа энэ үед уг айлчлал болж байна.


Максим Владимирович Рыженков мягмар гаргаас баасан гарагт Пёньянд албан ёсны айлчлал хийнэ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. Тус агентлаг айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч М.Рыженков Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуйтай уулзах бололтой.


Оросын цэрэг Украин руу довтолсныг Беларусь улс дэмжиж ирсэн бөгөөд Оросын холбоотнуудын нэг гэж тооцогддог. М.Рыженков Пёньянд айлчлах үеэр хоёр орны хамтын ажиллагаа, мөн Оросыг оролцуулсан гурван талын харилцааны асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.


Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Им Чон Ил, Беларусийн Гадаад хэргийн дэд сайд Евгений Шестаков нар өмнө нь Пёньянд уулзаж, өндөр түвшний уулзалт хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх талаар ярилцсан юм.



Related news