Дотоодын найман компани сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-23 10:04:03

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2012 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн загварын дүрэмт хувцастай болгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлсэн.


Ингэснээр сурагчдад хувцаслах соёлыг төлөвшүүлэх, суралцагчдын амьдралын түвшин, хот хөдөө, сургууль хоорондын ялгааг арилгах, сурагчдыг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан, стандартын дүрэмт хувцсаар хангах, ноос агуулсан даавуун материалтай, дотоодын оёдлын үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн дүрэмт хувцастай болох, оёдлын салбарт ажиллагсдын тогтвортой ажлын байр бий болгох зэрэг эерэг өөрчлөлт гарсан байдаг.


Тэгвэл манай улсад сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэдэг найман компани байгаа юм. Тэд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх кластерын систем үүсгэн 3000 ажлын байрыг бий болгож, импортыг орлохуйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурийг тавьж, өргөн хэрэглээний оёмол бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаж эхэлсэн байна. Ингэснээр сурагчдын энгийн хувцасны хэрэглээ эрс багасаж, өрхийн санхүүд хэмнэлт гарах боломж бүрджээ.


Энэ жилийн хувьд “Бүтээлч үйл”, “Шилмэл загвар”, “Өүлэнменч”, “Торгон хийц”, “Төмөр трейд”, “Эрдсүлж”, “Шүтэн уул” тэргүүтэй найман компани дүрэмт хувцас үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхэлжээ.

2024-2025 оны хичээлийн жилд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг үндэсний дээрх үйлдвэрүүд хариуцсан аймгуудын гэрээт борлуулалтын цэгүүдээр дамжуулан дүрэмт хувцас хэрэглэгчдэд хүргэх юм. 

Related news