Т.Свифтийн хувцас хэрэглэл, хөгжмийн зэмсгүүдийг Лондонд дэлгэн үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-07-25 17:07:40

ЛОНДОН, 2024 оны долоодугаар сарын 25 /CNBC/. Америкийн алдарт дуучин Тейлор Свифт “The Eras Tour” аялан  тоглолтынхоо ачаар тэрбумтан болж, тоглолтоо хийсэн олон хотын эдийн засгийг өсгөсөн билээ. Их Британид гэхэд түүний тоглолтыг үзсэн шүтэн бишрэгчид нь тасалбар, байр, аялалд хүн бүр дунджаар 1000 ам.доллар зарцуулжээ.


Харин одоо Т.Свифтийн нэгэн шинэ шоу Лондонд болох гэж байгаа бөгөөд энэ нь үнэ төлбөргүй байх юм. Тодруулбал, энэ сарын 27-ны бямба гаргаас эхлэн Британийн нийслэл дэх Виктория ба Альбертийн музейд түүний гоёлын даашинз, ковбой гутал, балетын шаахай, хөгжмийн зэмсгүүд зэрэг эд зүйлсийг дэлгэн үзүүлэхээр болжээ. Үзэсгэлэн есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.


“Songbook Trail” гэдэг нэртэй энэхүү үзэсгэлэн Т.Свифтийн дуучны замналын үеүдийг харуулсан 13 үзүүлэнгээс бүрдэнэ. Тухайлбал, энэ онд гаргасан “Fortnight” дууныхаа клипэнд өмссөн хар даашинз, 2023 оны “Speak Now (Taylor's Version)” цомгийн нүүр зурган дээр мөнхөрсөн лаванда цэцгийн өнгөтэй даашинз байх бөгөөд нийт 16 хувцсыг үзүүлэх гэнэ. Мөн 2008 онд “Fearless” аялан тоглолтынхоо үеэр “Love Story” дуугаа дуулах үеэрээ өмссөн хувцас, 2006-2007 оны “Soul2Soul II” аялан тоглолтын үеэр хэрэглэсэн “Taylor Koa гитар зэрэг эд зүйлсийг ч мөн дэлгэх ажээ.




Related news