Кабулын сүм рүү халдсаны уршгаар 14 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-12 13:47:25

КАБУЛ. /ВВС/. Мягмар гарагт Афганистаны нийслэл Кабул хотын нэгэн сүмд лалын шиитүүд шашны ёслол үйлдэхээр бэлтгэж байх үед халдлага болсны улмаас наад зах нь 14 хүн амь үрэгджээ.

Зөнч Мухаммадын ач хүү Хуссейны дурсгалд зориулсан Ашура хэмээх “уй гашуудлын өдөр”-ийг тэмдэглэхээр тэнд олон хүн цугларсан байжээ.

Энэ халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй боловч лалын босогчдын "Талибан" хөдөлгөөнийхөн үйлдсэн байж магадгүй гэж албаны хүмүүс таамаглаж байна..

Талибанчуудыг хөөн гаргахын тулд өмнөд нутгийн Хелманд мужийн төв Лашкаргах хотод Афганистаны хэдэн зуун цэрэг байрлаад байгаа аж.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, талибанчууд стратегийн чухал ач холбогдол бүхий Лашкаргах хотын захын дүүргүүд рүү ухарч байна.

Тус хотод цөөхөн хэдэн дэлгүүр ажиллаж байгаа бөгөөд олон айл өрх байлдааны ажиллагаанаас дайжин дүрвэж байгаа ажээ.

Хелманд мужийн дунд сургууль болон их дээд сургуулиуд тодорхойгүй хугацаагаар хаалгаа барьсан байна.

Кабулын халдлага нь тус улсын хамгийн том сүмүүдийн нэгэнд болжээ.

Тус улсын ДХЯ-ны мэдэгдсэнээр, уг халдлагын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэг нь цагдаагийн албан хаагч байв.

Халдлагыг гурван этгээд үйлдсэн бололтой. Нүдээр харсан гэрчүүдийн ярьснаар, халдлага үйлдэгчид цагдаагийн дүрэмт хувцас өмссөн байжээ.

Хуссейны үхлийн улмаас лалын шашинтнууд суннит ба шиит гэсэн хоёр урсгалд хуваагдахад хүрсэн байна.

Түүнийг нэхэн дурсах өдрийн ёслолын үеэр террорист халдлага гарч болзошгүй гэж Афганистаны Засгийн газар анхааруулж байсан юм.

Лалын шиитүүд нь Афганистаны хүн амын 15 хувийг эзэлдэг бөгөөд тэдний ихэнх нь үндэстний цөөнх болох хазарчууд ажээ.

Г.Доржханд

 

Related news