“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-17 13:37:23

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн үзэсгэлэн энэ сарын 23-29-нд болно.


Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаа 19 дэх жилдээ болох гэж байгаа нь энэ.


Энэ нь Монгол орны 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломж олгодгоороо онцлогтой. Зөвхөн 21 аймаг гэлтгүй Монгол Улсын тэргүүлэгч, манлай хүнсний үйлдвэрүүд шинэ, шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулж, хэрэглэгчдийн хүртээл болгодог юм. Тиймээс хэрэглэгчид эл үзэсгэлэнг жил бүр тэсэн ядан хүлээдэг билээ.


Уг үзэсгэлэнд оролцогчид сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний бүх төрлийн ногоо, мах, махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрлэлийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, ченжийн дамжлагагүйгээр бүх бараагаа үйлдвэрийн үнээр борлуулна. 

Related news