Өнгөрсөн онд дунд сургуульд 56-гаас дээш насны 4446 багш ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-10-01 10:53:31

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь баяр болон Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Монголын ахмад багш нарын холбооны болзолт уралдаанд шалгарсан холбоо, зөвлөл, ахмад багш, удирдах ажилтнуудад шагнал гардууллаа.


Энэ онд Дэлхийн багш нарын өдрийг “Багшийн дуу хоолойг эрхэмлэх нь: Боловсролын нийгмийн шинэ гэрээ рүү” уриан дор тэмдэглэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 55-аас дээш насны 394, ерөнхий боловсролын сургуульд 56-аас дээш насны 4446 багш ажиллажээ. 

 

Энэхүү үйл ажиллагаанд Боловсролын сайд П.Наранбаяр мэндчилгээ дэвшүүлэв. Боловсролын салбарт дэвшүүлж буй зорилтуудыг хэрэгжүүлж, бодлого шийдвэрийг сурталчлах, ахмад багш нарын туршлагыг дэлгэрүүлэх зорилгоор жил бүр Монголын ахмад багш нарын холбооноос Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэй энэхүү болзолт уралдааныг зохион байгуулдаг билээ.

 

Олон жилийн туршлага, арга зүйгээ боловсролын хөгжил, шинэчлэлд хувь нэмэр болгон оруулж, харамгүй хуваалцаж буй ахмад багш нарт Боловсролын сайд П.Наранбаяр талархал илэрхийлэв. Яамнаас ахмад болон залуу багш нарын хамтын ажиллагааг бий болгох, ахмад үеийн туршлага, зөвлөмж, дуу хоолойг боловсролын салбарын бодлого шийдвэрт тусгаж, түгээх чиглэлийн ажлуудыг хэрэгжүүлж байна.

 

Тухайлбал, шинэ төгсөгч болон анхны жилээ ажиллаж буй багшид ахмад багшийг зөвлөхөөр ажиллуулах, тэтгэвэрт гарсан багш нарыг багш дутагдалтай сургууль, цэцэрлэгүүдэд бага цагаар багшлуулах зэргээр зохицуулж байгаа юм гэж Боловсролын яам мэдээлэв.

 



Related news