Франческо Стокки: Куратор бол нийгмийн чиглүүлэгчийн үүрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын уран зургийн галерей ССАЖЗЯ, Итали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэй Итали Улсын XXI зууны Урлагийн үндэсний музейн захирал, куратор Франческо Стоккигийн “Урлаг дахь кураторын ач холбогдол" сэдэвт мастерклассыг зохион байгууллаа.
Куратор гэгдэх хүн бол урлагийн бүтээлийн үнэ цэнийг тодорхойлоход туслах, үзэгчдэд уран бүтээлчийн илэрхийлэхийг хүссэн санааг зөв гаргаж өгөх, тайлбарлах, үзэгчдийн болон нийгмийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, үзэсгэлэнгийн танхимд урлагийн бүтээлийг дэлгэн үзүүлэх шийдэл, агуулгыг академик түвшинд боловсруулж, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтад хүртэл хяналт тавьдаг маш олон талын үүргийг гүйцэтгэдэг чухал мэргэжилтэн юм. Мөн урлагийн бүтээл-уран бүтээлч-үзэгч болон нийгмийг холбох хамгийн чухал гүүр нь болж өгдгөөрөө онцлогтой.
Энэ үеэр Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета хэлэхдээ, “Италийн хувьд Монгол Улстай соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг. Чингис хаан Үндэсний музейд МЭӨ 3-2 дугаар зууны Ромын эзэнт гүрний үеийн олдвор, аяга хадгалагдаж байгааг та бүхэн мэдэх байх. Мөн Европ Азийг холбосон гүүр гэгдэх торгоны зам дагуух аялагч Марко Пологийн талаар Монголд ирээд сонссон. Энэ нь бид хэдийнээс соёлын туршлага солилцож, нэг нэгэндээ нөлөөлж ирснийг илтгэж байна. Өнөөдөр бид мөн контемпорари урлагийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Түүнэчлэн энэхүү мастерклассаар дамжуулан соёлын солилцоог улам өргөжүүлэхээр эрмэлзэж байна. Энэхүү мастерклассыг удирдахаар дэлхийн хамгийн алдартай контемпорари музей болох Италийн XXI зууны Урлагийн үндэсний музейн захирал, куратор ноён Франческо Стокки Монголд ирсэн. Тэрбээр Монголын ёс заншил уламжлалтай танилцан, туршлага хуримтлуулах юм. Цаашид хоёр орны хамтын ажиллагаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Энэ удаагийн мастерклассаар куратор Франческо Стокки өөрийн ажилласан үзэсгэлэнгийн туршлага болон Итали Улсын XXI зууны Урлагийн үндэсний музейн туршлагын талаар хуваалцсан юм. Мөн тэрбээр Монголын уран зургийн галерейн үзэсгэлэн үйл ажиллагаа, урлагийн боловсролын хөтөлбөр, уран зураг сэргээн засварлах лабораторитой танилцаж өөрийн санал дүгнэлтээ хэллээ.
Тэрбээр, “Би анх удаа Монгол Улсад ирж куратор мэргэжлийн талаар мастерклассаа явууллаа. Кураторын ажлыг академик мэргэжил гэж үзэлгүйгээр нийгмийн илэрхийлэл гэж үзэх хэрэгтэй. Нэг ёсондоо нийгмийн чиглүүлэгчийн үүрэгтэй. Монголын урлагийн тухайд, уламжлалт урлагаа орчин үеийн урлагийн хэрэгсэл болгож байгаа нь эерэг зүйл юм. Би Монголын урлагийн талаар дэлхийн бусад улсад ихэвчлэн тохиолддог нэгэн хэвийн байдалд автсан байх вий гэж эмээж байсан. Гэхдээ Монголд тийм зүйл анзаарсангүй, энэ нь чухал гэж үзэж байна. Би Африк тивээс бусад тивийн 22 оронд мастеркласс зохион байгуулж байсан” хэмээв.
Музей, галерейн куратороор мэргэжилтэн бэлдэх нь урлагийн бүтээл болоод үзмэрийн хадгалалт хамгаалалтын стандартыг сайжруулах, үзэгчдэд хүртээмжтэй, шинэлэг, содон дэглэлтийг сонгодог түвшинд боловсруулах, нийгмийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, уран бүтээлчдийн бүтээлийг үзэгчдэд ойлгомжтойгоор онолын түвшинд тайлбарлах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Итали Улсын XXI зууны Урлагийн үндэсний музейн захирал, куратор Франческо Стокки зөвхөн Италидаа төдийгүй дэлхийн олон орны музей, галерейд уригдан куратороор ажиллаж байсан бөгөөд 2022 оны 59 дэх Венецийн биенналд Швейцарын павилионд, 2007 оны 52 дахь биеннальд хамтарсан үзэсгэлэнгийн куратороор тус тус ажилласан байна. Мөн тэрбээр 2007 оноос хойш тасралтгүй судалгааны бүтээлүүдээ хэвлэн нийтэлж, дүрслэх урлаг судлалын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй аж.