Япон, НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-10-18 11:02:09

БРЮССЕЛЬ, 2024 оны аравдугаар сарын 18 /NHK/. Япон, НАТО болон бусад орны Батлан ​​ хамгаалахын сайд нар аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллахаар тохиролцжээ. Талууд Европ-Атлантын болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал салшгүй холбоотой гэдэгт санал нэгдсэн байна.


Японы Батлан ​​хамгаалахын сайд Гэн Накатани пүрэв гарагт Брюссель хотноо болсон НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцжээ. Энэхүү уулзалтад Япон, Австрали, Өмнөд Солонгос, Шинэ Зеландын Батлан ​​хамгаалахын сайд нар мөн анх удаагаа оролцсон байна.


Г.Накатани уулзалтад оролцогчдод хандан хэлэхдээ, статус-квог албан хүчээр өөрчлөх нэг талыг баримталсан оролдлогууд үргэлжилэн эрчимжиж байгааг онцолжээ. Түүнчлэн сүүлийн үед Хятад, Оросын цэргийн нисэх онгоцууд Японы агаарын орон зайд нэвтэрч байгаа нь ийм алхмын жишээ болж байгааг дурдсан байна.


Мөн Оросын тал Хятад, Умард Солонгостой цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь Украины байдлыг улам дордуулна хэмээн Г.Накатани хэлээд, Украинд тууштай тусламж үзүүлэхийг уриалжээ. 


Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын өмнө Г.Накатани Украины Батлан ​​хамгаалахын сайд Рустем Умеровтой уулзаж, Украиныг үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлээд, Өөрийгөө хамгаалах хүчний техник хэрэгслүүдийг нэмж нийлүүлэх төлөвлөгөөг танилцуулсан байна.

Related news