ХОВД: Гурван бизнес санааг дэмжиж, тус бүрд 10 сая төгрөгийн дэмжлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-18 21:31:47

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд аймаг энэ долоо хоногт залуусын гарааны бизнесийг дэмжих “Start up” үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, шинэ бизнес санааг хөгжүүлэх, өргөжүүлэх зорилгоор “Start up” үйл ажиллагааг 2017 оноос эхлэн 23 удаа зохион байгуулсан юм.  

Өнгөрсөн хугацаанд 52 шинэ бизнес санааг дэмжиж, 490 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг буцалтгүй болон хүүгүй зээл хэлбэрээр олгожээ.


Тэгвэл энэ удаагийн сургалт, үйл ажиллагаанд 40 гаруй хүн бүртгүүлэн 17 баг болж, 17 шинэ бизнес санаа танилцуулан өрсөлдлөө. Өнөөдөр тус үйл ажиллагааны шилдэг оролцогч тодорсон бөгөөд тэдэнд батламж олгожээ.

Үүнд Ховд аймаг дахь "Хөгжил" политехник коллежийн оюутан, оролцогч Г.Ганхүлэгийн "Шимт тэжээл" гэсэн бизнес санаа тэргүүн байр эзэллээ. Мөн Жаргалант сумаас оролцогч С.Баярхүүгийн “Тоглоомын төв" төсөл хоёрдугаар байр, Булган сумаас оролцогч С.Түмэн-Өлзийн ”Ингэний ферм” төсөл гуравдугаар байрт шалгарч, тус бүр 10 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг авсан байна.

Related news