“Амьтдын тухай 50 ном” уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-11-08 13:40:05

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. “Номын ертөнц” клуб, “Азтай савар” ТББ-тай хамтран ЕБС-ийн сурагчдын дунд “Амьтдын тухай 50 ном” уралдаан зарлалаа.


Монгол Улс түүхэндээ анх удаа гэрийн тэжээвэр амьтны тухай хууль баталж, энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн зорилт болон амьтдын тухай илүү их танин мэдүүлэх зорилготой 50 номоор уралдаан зарлаж буй юм.


Бид яагаад амьтныг хайрлах ёстой вэ? Энэ дэлхий ертөнц зөвхөн хүнийх үү? Яагаад заавал амьтны тухай вэ? гэх мэт олон асуултын хариултыг ном унших явцдаа олж мэдэх боломжтой. Бидний өмнө тулгамдсан аливаа асуудлын учир тухайн сэдвээр тодорхой мэдлэггүй байдагтай холбоотой. Тиймээс амьтдын тухай илүү их мэдэж, тэд бидний амьдрал болон дэлхий ертөнцийг хэчнээн өнгөлөг болгодгийг ойлгуулахад уралдааны гол зорилго оршино.


Уралдааны материалыг  2024 оны 12 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл хүлээн авч, ирүүлсэн бүтээлч тэмдэглэлээр үзэсгэлэн дэлгэх юм.


Уралдаанд анги хамт олноороо, багаараа, клубээрээ, ганцаараа ч оролцох боломжтой. Нэрлэсэн 50 номоос өөрт таалагдсан зохиолоо сонгон уншиж, бүтээлч тэмдэглэл хийх юм. Оролцогч номын товч тэмдэглэл хөтлөх, бүтээлч тэмдэглэлийн уралдаанд бүтээлээ явуулах, уншсан номоороо 5-10 минутын подкаст хийсэн байх шаардлагатай.


Шилдгээр шалгарсан сурагч, анги, баг, клубийн хамт олныг эхний гурван байр шалгаруулж 1-3 сая төгрөг, байр тус бүрт ном авах эрхийн бичгээр урамшуулах юм.

Related news