ДАРХАН-УУЛ: Өсвөрийн баг тамирчид энэ онд 954 медаль хүртжээ

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2024-12-24 11:30:12

Дархан, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ онд Дархан-Уул аймгийн өсвөрийн баг тамирчид 24 спортын төрлөөр тив, дэлхий, олон улсын болон улсын чанартай тэмцээнээс 954 медаль хүртжээ. 


2024 оныг Дархан-Уул аймаг "Өсвөрийн тамирчдыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан спортын амжилтаараа аймаг орон нутгийнхаа нэр хүндийг улс, тив дэлхийд өндөрт өргөн бахдам амжилт гаргасан спортын шилдэг тамирчдад хүндэтгэл илэрхийлж, шагнал гардууллаа.


Үүнээс онцолбол, Ой тогтоолтын өсвөрийн болон насанд хүрэгчдийн улсын аварга, Оюуны олимпын аварга, 33 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ-ий өсвөрийн болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга, хоёртын тоолол /5мин/ төрөлд Гиннесийн рекорд эзэмшигч, олон улсын их мастер Э. Үүрийнцолмон шилдэг сурагчаар шалгарлаа.





Түүнчлэн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, өсвөр үеийн УАШТ хүрэл, MG клубийн нэрэмжит тэмцээний алтан медалийн эзэн Б.Гонгор, С.Доржсүрэн нар үе тэнгийн тамирчдаа манлайлан бахдам амжилт гаргасныг үнэлэн “Шилдгийн шилдэг тамирчин”-аар шалгаруулж тус бүр гурван сая төгрөгөөр урамшууллаа.


Шилдэг холбоогоор аймгийн “Жүдо бөхийн холбоо”, “Бадминтоны холбоо”-д шалгарч тус бүр 10 сая төгрөгөөр урамшууллаа.


Дархан-Уул аймаг 2024 оноос эхлэн жил бүрийг "Өсвөрийн тамирчдыг дэмжих жил" болгон зарласан юм.