Гренландыг “худалдахгүй” гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-12-24 17:00:10

КОПЕНХАГЕН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Гренланд арлыг худалдан авна гэж мэдэгдсэний хариуд Гренландын эрх баригчид уг арлыг “худалдахгүй” гэдгээ даваа гарагт илэрхийлжээ.


Гренландын Ерөнхий сайд Муте Эгеде мэдэгдэхдээ “Гренланд бол биднийх. Бид үүнийгээ худалдахгүй, хэзээ ч худалдахгүй” гэсэн байна. Д.Трамп ням гарагт АНУ-аас Дани улсад суух шинэ Элчин сайдын нэрийг зарлах үеэрээ “Дэлхий даяарх үндэсний аюулгүй байдал, эрх чөлөөг хангах үүднээс АНУ Гренландыг эзэмшиж хянах нь туйлын зайлшгүй шаардлага мөн хэмээн үзэж байна” гэжээ.


Үүний хариуд Данийн Ерөнхий сайд Метте Фредериксений ажлын алба Д.Трампын засаг захиргаатай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсний сацуу Гренландыг худалдахгүй гэдгийг онцолсон байна. Данийн Засгийн газар Америкийн шинэ Элчин сайдыг угтан авч, шинэ засаг захиргаатай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Аюулгүй байдал, улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал үүссэн энэ үед бидэнд Атлантын далай дамнасан хамтын ажиллагаа нэн чухал гэж тэрбээр мэдэгдээд, Гренландыг худалдахгүй, харин хамтран ажиллахад нээлттэй гэв.


Дэлхийн хамгийн том арал болох Гренланд бол Данийн харьяаны өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр бөгөөд 55 мянга орчим хүн амтай. 2019 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Д.Трамп "Дани улс Гренландыг худалдахгүй" гэж мэдэгдсэний хариуд тус улсад хийх айлчлалаа цуцалж байв.

 


Related news