Оны онцлох хүүхэд Т.Тэмүүлэн: Зургаан наадамд 109 морины цол дуудсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-12-25 13:36:07

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/.  “2024 оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан хүүхдүүдэд батламж гардуулах ёслол Улаанбаатар галлериад өнөөдөр боллоо.


2024 онд үндэсний болон олон улс, тив дэлхий түвшинд оюун ухаан, сурлага, урлаг уран бүтээл, биеийн тамир, спорт, байгаль хамгаалал, монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, шинэ санаачилга, багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1678 хүүхэд өрсөлдсөнөөс энэ удаа онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 74 хүүхэд  “2024 оны онцлох хүүхэд”-ээр тодорсон юм.


Энэ үеэр “2024 оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан хүүхдүүдийн сэтгэгдлийг хуваалцсан юм.


Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч, “Сансар” жүдо бөхийн тамирчин Д.Үүрцайх: Жиү жицүгээр 2, жүдогоор 3 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд УАШТ-ээс хошой алтан медаль, олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн. Одоогоор -68 кг-ын жинд барилдаж байна. Манай клубийн тамирчид жүдо болон жиү жицүг хослуулан барилддаг. Нийт 50 гаруй хүүхэд хичээллэж байгаа.

“Боломж хүн бүрд” гэсэн уриатай энэхүү спортоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч гэсэн хичээллэж болдгоороо давуу талтай. Хүн бүрд ээлтэй спорт гэж боддог. Энэ төрлийн спортоор хичээллэхийг хүсэж буй үе тэнгийнхэндээ зөвлөхөд, тууштай байгаарай. Тэгвэл амжилт өөрийн эрхгүй гүйж ирнэ гэж хэлмээр байна. Монголд маш хурдацтай хөгжиж байгаа спорт юм.


Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Хоёрдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч н.Түвшинтөр: Би үндэсний сурын спортоор 3 дахь жилдээ хичээллэж байна. Энэ жил Үндэсний их баяр наадмаар түрүүлж Монгол Улсын Идэр мэргэн цол хүртсэн. Өнгөрсөн жилийн наадмаар гуравдугаар байрт шалгарсан. Энэ удаа “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсандаа баяртай байна. Үндэсний сураар хичээллэснээр өөртэйгөө ажиллах чадвар нэмэгддэг, хүмүүстэй нийтэч харьцдаг. Ирээдүйд нутгийн зон олноо баясгасан мэргэн харваач болохыг зорьж байна. Сур харваагаар хичээллэхэд багш дасгалжуулагч маш чухал. Миний багш П.Баянмөнх гэж мундаг багш бий.


Баянхонгор аймгийн Номгон сургуулийн долоодугаар ангийн сурагч, морь цоллооч Т.Тэмүүлэн: Анх морины цол дуудахыг мэддэггүй, монгол өв соёлоо судалдаггүй хүүхэд байлаа. Харин 2023 оноос монгол өв соёлоо судалж байна. Багшийгаа харж, үлгэр жишээ дууриаллыг нь авч 11 наснаасаа морь цоллохыг сурч эхэлсэн. Зургаан наадамд нийт 109 морины цол дуудсан. Улам хичээж уртын дуучин болох, улсын наадмаар бөх цоллох хүсэл мөрөөдөлтэй болсон. Ирж буй 2025 ондоо ард түмэн маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан амгалан, эрүүл энх саруул сайхан болтугай гэж ерөөе. 


Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайл болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслолыг 32 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулав.








Related news