“Засагт хан аймгийн ялгуусан хутагтын шавь: түүх соёл” эрдэм шинжилгээний хурал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-12-26 14:58:41

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/.   Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Ялгуусан хутагт сан, Завхан судлал төв хамтран “Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын шавь: түүх соёл” эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр МУИС-ийн номын санд зохион байгууллаа.


Эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн дэд ерөнхийлөгч, доктор (Sc.D) Ц.Цэрэндорж үг хэлж нээхдээ, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс орон нутгийн түүх судлалын хүрээнд эрдэм шинжилгээний 20 орчим цуврал хурлыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулж, орон нутаг судлал өргөжиж байгааг тодотгож байв.


Тус хуралд Л.Мөнх-Очир, Г.Мягмарсамбуу, Б.Эрдэнэбилэг, На.Батболд, Г.Бямбарагчаа зэрэг 10 гаруй эрдэмтэн судлаач ялгуусан хутагтын шавийн түүх, соёл, сүм хийд, ялгуусан хутагтын дүрүүдийн тухай илтгэл хэлэлцүүлсэн юм.


Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын шавь нь 1923-1924 онд Хантайшир уулын аймгийн бие даасан хошуу байгаад 1925-1931 онд Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошууны Идэрцэцэрлэг сум болжээ. Энэ нь өнөөгийн Завхан аймгийн Идэр сум юм байна.



Ялгуусан гэдэг нь санскрит гаралтай үг бөгөөд бурхны шашинд тэрслэгч сэтгэлийг дарж, мандан бадрахын бэлгэдлийг илэрхийлдэг байна. Энэ үг 17 дугаар зуунд монгол хэлэнд орж нутагшихдаа уг агуулгаа гээлгүй иржээ. Тодруулбал, Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь”-доо, “…Ялгуусан. Бүрмөсөн дийлсэн, нэгэнт дийлсэн ялгуусан хувьсгал, ялгуусан арми, ялгуусан хэнгэрэг дэлдэх…” хэмээн өгүүлсэн байдаг.


Эрдэм шинжилгээний хурлын үеэр судлаачид Үндэсний төв архивт буй олон сонирхолтой баримтаас дэлгэж байв. Тухайлбал, 1324 хуудастай “Идэр” сумын тооллогын баримт байдаг ажээ. 



Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын шавийн хүн ам, мал сүргийг 1923 онд тоолж бүртгэсний үндсэн дээр засаг захиргааны дотоод зохион байгуулалтыг нь нутгийн захиргааны дүрмийн дагуу 194 өрх айлыг нь 1 сум, 4 баг, 19 арван гэр болгон зохион байгуулжээ. Энэ үед тус шавь нь 834 хүн амтай байсны дотор лам болон сахил хүртсэн банди нар 240, лам бус эрэгтэйчүүд болон хөвгүүд 184, охид, эмэгтэйчүүд 410 байжээ. Мал сүргийн хувьд шавийн айл өрхүүд нь адуу 1108, тэмээ 102, үхэр 3656, хонь 1793, бодод шилжүүлснээр нийтдээ 5326 толгой малтай байв. Ялгуусан хүрээний жасууд нь 461 адуу, 8 тэмээ, 789 үхэр, 1990 хонь, бодод шилжүүлснээр 1664 толгой малтай байжээ гэж доктор (Ph.D) Мягмарсамбуугийн илтгэлд дурдагдаж байв.


"Ялгуусан хутагтын шавь: түүх соёл” эрдэм шинжилгээний хуралд ШУА, МУИС, ТЕГ, МУБИС, “Чингис хааны Өв, соёл" хүрээлэнгийн төлөөлөл оролцлоо.


Related news