Бүгд Найрамдах Чех Улс дахь зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-12-31 09:52:57

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтнуудыг дэмжих зорилгоор Слав судлалын Зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.


Жил бүрийн 7,8,9 дүгээр сард зохион байгуулдаг зуны сургалт нь сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ.

Тэтгэлэгт сургалтын төлбөр, дотуур байр /өглөөний, өдрийн, оройн хоол/, зуны сургалтын хүрээнд зохион байгуулах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх, зарим нийтийн тээврийн зардал багтана. Харин олон улсын тээврийн зардал, виз олголттой холбоотой зардлууд, даатгалын зардал багтахгүй.

 

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчид Чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан байх, Монгол Улсын иргэн, 18-аас дээш настай байх, Чех хэлний А1 түвшний эсвэл англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.

 

Бүртгэлийг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар явуулна. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг 7577-8080 дугаарт ажлын өдөр 09:00-12:00 цагийн хооронд, бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсролын яамны 51-263594 дугаарт холбогдож авах боломжтой. Зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас болох https://www.msmt.cz/-аас авах боломжтой.

Related news