НҮБ-ын тэргүүн эв нэгдэлтэй байхыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-01-01 13:14:03

НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 1 /UN/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ дэлхий ертөнцөд нүүрлээд буй хямралыг эв нэгдэлтэй, шийдэмгий байж хамтдаа даван туулахыг дэлхийн удирдагчид болон ард иргэдэд уриаллаа.


“2024 он бүхэлдээ итгэл найдварыг олоход хэцүү жил байлаа. Дайн тулаанууд асар их өвдөлт, зовлон зүдгүүр, орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй нөхцөл байдлыг авчирсаар байна. Тэгш бус байдал, хагарал хуваагдал нь хурцадмал байдал, үл итгэлцлийг даамжруулж байна” гэж тэрбээр дүрс бичлэгээр дэвшүүлсэн мэндчилгээндээ дурдсан байна.


НҮБ-ын тэргүүн мөн сүүлийн 10 жил түүхэн дэх хамгийн халуун жилүүд байсныг онцолжээ. Тэрбээр 2025 онд хорт хийн ялгарлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих чиглэлд дорвитой арга хэмжээ авахыг уриалаад, “бид уур амьсгалын хямралыг нүдээр үзэж туулж байна, бид энэ сүйрлийн замаас гарах ёстой, бидэнд алдах цаг алга” хэмээн хэлэв.


Түүнчлэн 2024 онд Ирээдүйн төлөөх гэрээг баталсан нь “зэвсэг хураах, урьдчилан сэргийлэх арга замаар энх тайвныг тогтооход шинэ түлхэц өгснийг” онцлон тэмдэглээд, энэхүү гэрээ нь зэвсэг хураах замаар энх тайвныг тогтоох, дэлхийн санхүүгийн тогтолцоог шинэчлэх, технологиудыг хөгжүүлэхдээ хүн болоод хүний ​​эрхийг нэн тэргүүнд тавих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн гэв.


“2025 онд биднийг юу хүлээж байгаа талаар ямар ч баталгаа байхгүй. Гэхдээ би бүх хүнд илүү амар тайван, тэгш, тогтвортой, эрүүл ирээдүйг бий болгохын төлөө ажиллаж байгаа хүмүүсийн талд зогсоно гэдгээ амлаж байна. Бид хамтдаа 2025 оныг шинэ эхлэл болгож чадна. Дэлхий ертөнц хуваагдах бус, нэгдмэл байх хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.


Улс орнуудын удирдагчид мэндчилгээ дэвшүүллээ


ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 12 дугаар сарын 31-ний орой иргэддээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв. В.Путин гурван минут үргэлжилсэн үгэндээ, Орос улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд томоохон сорилтуудыг даван туулж чадсан бөгөөд ололт амжилтаараа бахархах бүрэн үндэслэлтэй гэдгийг онцолжээ.


Бид бүхэн шинэ оны босгон дээр зогсож байгаа энэ үед бүх зүйл сайхан болно, цаашид улам урагшилна гэдэгт итгэж ирээдүйгээ өөдрөгөөр харж байна гэж тэрбээр хэлэв. В.Путин мөн цэргүүдэд мэндчилгээ дэвшүүлж, тэднийг жинхэнэ баатрууд гэж нэрлээд, гэр бүл, найз нөхөд, улс орон даяар олон сая хүн тэдний тухай санаж бодож байгааг онцлон тэмдэглэсэн байна. Мөн 2025 онд фашизмыг ялсны 80 жилийн ойг тэмдэглэж, Орост Эх орноо хамгаалагчдын жил болгон зарлана гэж тэрбээр хэлжээ.


Бүх ард түмний эв нэгдлийн ачаар Орос улс XXI дүгээр зууны эхэн үед агуу зорилтуудыг тавьж, түүндээ хүрсэн гэдгийг В.Путин нотлоод, энэхүү эв нэгдэл тасралтгүй өргөжин тэлж, өөртөө болон Оросын иргэн бүрийн хүч чадал, чадавхид итгэх итгэлийг бэхжүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.


Мэндчилгээнийхээ төгсгөлд В.Путин “Хэдхэн цагийн дараа шинэ он гарах гэж байна. Энэ мөчид бидний хамгийн дотны хүмүүс болох гэр бүл, үр хүүхдүүд, аав ээж, ач зээ нар, найз нөхөд маань бидэнтэй хамт байдаг. Айл өрх бүрд, бидний хайртай Орос улсад сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Бид нэгдмэл байгаа цагт бүх зүйл биелэх болно” гэж хэлсэн байна.


БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12 дугаар сарын 31-нд Хятадын ард түмэнд хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ, улс орны өмнө шинэ сорилтууд тулгарч байгааг хүлээн зөвшөөрөхийн сацуу чухал ололт амжилтууд гарч буйг онцолсон байна.


“2024 онд Хятад улс олон сорилт бэрхшээлийг даван туулж, гайхалтай амжилтад хүрсэн. ДНБ 130 их наяд юаниас давж, үр тарианы үйлдвэрлэл 1.4 триллион кг давах төлөвтэй байна. Ногоон ирээдүйг цогцлоох, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах үйл явц ихээхэн ахицтай байна” гэж Ши Жиньпин хэлсэн байна.


Хятадын удирдагч мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаргасан шинжлэх ухаан, технологийн хэд хэдэн гайхалтай ололт амжилтыг, тухайлбал, далайд судалгаа хийх “Мөрөөдөл” хөлөг онгоцыг бүтээж, “Чанъэ-6” аппарат анх удаа Сарны цаад талаас дээж цуглуулсан зэргийг дурджээ. Түүнчлэн 2024 оны Парисын Олимпод Хятадын тамирчид маш өндөр амжилт үзүүлснийг сайшаасан байна.


Ши Жиньпин мөн Тайванийн асуудлыг хөндөж, “Тайванийн хоолойн хоёр тал дахь Хятадын иргэд бол нэгэн гэр бүл. Хэн ч бидний цусан хэлхээ холбоог тасалж, үндэстнээ нэгтгэх үйл хэргийг зогсоож чадахгүй” гэж тэмдэглэжээ.

Ши Жиньпин дарга мөн ард түмний эв санааны нэгдлээр Хятад улс 2025 онд 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөгөө биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, шинэ ондоо энх тайван, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлэн үгээ дуусгасан байна.


Германы Канцлер Олаф Шольц 84 сая хүн амдaa хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ дэлхий даяар хямрал, дайн үргэлжилж байгаа энэ үед эв нэгдэлтэй байхыг уриалав. “Эв нэгдэл гэдэг хүчийг бий болгодог. Бид бол нэгдмэл үндэстэн. Бид 2025 оныг сайн жил болгож чадна” гэж тэрбээр хэлсэн байна.


Таван хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан Магдебургийн Зул сарын баярын захад болсон халдлагын дараа улс орон хэвийн байдалдаа эргэн орохоор хичээж буйг О.Шольц хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ халдлага, хямрал нь хуваагдал руу хөтөлж болохгүй гэдгийг онцолжээ. “Бид бие биенээ эсэргүүцдэг, эсвэл бие биенээсээ хөндийрдөг үндэстэн биш. Бид нэгдмэл үндэстэн, ялангуяа ийм хүнд хэцүү цаг үед бидний нэгдмэл байдал биднийг хүчирхэг болгодог” гэж Германы Канцлер онцлон хэлжээ.


“Манай улсын эдийн засаг хүндэрч байна. Амьдрах өртөг улам бүр нэмэгдэж байна” гэж О.Шольц нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн ч өөдрөг мессежийг дамжуулсан байна. “84 сая хүн амтай манай улс дэлхийн хүн амын ердөө 1 хувийг эзэлдэг ч бид хөдөлмөрч хүмүүс учраас дэлхийд гуравт орох эдийн засагтай улс билээ” гэж тэрбээр хэлсэн байна. О.Шольц мэндчилгээнийхээ төгсгөлд германчууд шинэ оныг итгэл төгс угтан авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Related news