Л.Жеймс дахин нэг өвөрмөц амжилтын эзэн болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 2 /BBC/. “Лос-Анжелес Лейкерс” багийн довтлогч ЛеБрон Жэймс лхагва гарагт “Кливленд Кавальерс” багтай хийсэн тоглолтод оролцсоноор NBA-ийн түүхэнд өсвөр насандаа болон 40 нас хүрсэн хойноо талбайд гарсан анхны тоглогч боллоо.
“Даваа гарагт төрсөн өдрөө тэмдэглэсэн ЛеБрон Жеймс уг тоглолтод 23 оноо авснаар NBA-ийн түүхэнд өсвөр нас ба 40 насандаа тоглолтод оролцсон анхны тоглогч боллоо” гэж Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ мэдэгджээ. Түүнчлэн энэхүү түүхэн тоглолт нь Л.Жеймсийг 2003 онд драфтын эхний сонголтоор авч байсан “Кливленд Кавальерс” багтай таарсан нь санамсаргүй тохиолдол юм. Тэрбээр тус багийн бүрэлдэхүүнд нийт 12 улирлыг үдсэн юм.
2003 онд 18 настай байхдаа NBA-д анхны тоглолтоо хийж байсан Л.Жеймс 12 дугаар сарын 30-нд 40 нас хүрсэн юм. Хэдийгээр лхагва гарагт болсон тоглолтод хожигдсон ч гэлээ домогт довтлогч 122:110 онооны харьцаатай өндөрлөсөн уг тоглолтод 23 оноо авснаар 22 улирлын турш гайхалтай ур чадвараа харуулсаар байна.
Л.Жеймс бол NBA-ийн дөрвөн удаагийн аварга бөгөөд хамгийн сүүлд 2020 онд “Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд аваргын цомыг өргөж, хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан юм. Мөн 2023 онд NBA-ийн бүх цаг үеийн онооны лидер болсон билээ. Тэрбээр энэ улиралд 28 тоглолтод оролцохдоо 23.5 оноо авч, 7.9 удаа самбараас бөмбөг авч, 9 удаа оновчтой дамжуулалт хийсэн дундаж үзүүлэлттэй байна.