БАЯНХОНГОР: Хамтарсан зөвлөх баг ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Бригадын генерал Б.Ууганбаяр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан зөвлөх баг Баянхонгор аймагт ажиллалаа.
Ажлын багийнхан зудын гамшгийн эрсдэлийн менежментийн төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийх, эрт сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх асуудал, салбар дундын зохицуулалт, сумын түвшинд үүсэх хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцов.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж гаргадаг зудын эрсдэлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үнэлэхэд нийт нутгийн 40 гаруй хувьд их, 20 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 20 орчим хувьд эрсдэлгүй гарсан байна. Аймгийн дүнгээр авч үзвэл, Баянхонгор аймгийн зарим сумын нутгаар нэн их болон их эрсдэлтэй гарчээ.
Зудын байдлын үнэлгээгээр Баянхонгорын Баянбулаг, Бөмбөгөр, Галуутад цагаан зудын, Хүрээмарал, Заг, Жаргалант, цагаанаар зудархуу байдалтай байна.
Нэгдүгээр сарын урьдчилсан мэдээгээр нутгийн төв болон баруун хагаст буюу зудын эрсдэл ихтэй бүс нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, харин зүүн хагаст дунджийн орчим, хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа тул цаашид өвөлжилт улам хүндэрч болзошгүй бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлага тулгарч байгаа юм.