Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-08 16:53:15

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулсан.


Уг хуулийн төсөл нь нийслэлийн агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад арга хэмжээг тусгай журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой аж. Хуулийн төсөлд нийслэл хот нь агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон, шар бүстэй байх бөгөөд бүсийн хилийн зааг, байршлыг тогтоох, өөрчлөх асуудлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ гэж тусгажээ.


Тодруулбал, ногоон бүсэд:

-Стандартад нийцсэн хийн болон шингэн түлшнээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах

-Стандартаар зөвшөөрсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа тээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулах

-Инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус ашиглах

-Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах

-Авто сэлбэгийн задгай худалдаа, авто засварын бүх төрлийн үйлчилгээ эрхлэх

-Хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглохоор тусгасан юм.


Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулна. Шар бүсэд хамрагдах айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулахаар тусгасан.



Related news