Дэлхийн улсуудын бичмэл ба бичмэл бус Үндсэн хуулиуд

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-01-13 09:14:33

УЛААНБААТАР, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ихэнх улсын Үндсэн хууль нь төрийн эрх мэдлийн төвлөрлийг задалж, эрх мэдлийн харилцан хяналт тэнцлийг бий болгох замаар хүний эрхийг хамгаалах улс төр, эрх зүйн гол арга хэрэгсэл болдог.


Үндсэн хууль буюу constitution гэдэг англи үг нь латин хэлний constitutio буюу зохицуулалт гэсэн утгатай үгээс гаралтай ажээ.


Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулиудыг түрүү үеийн, дунд үеийн, шинэ үеийн, нэн шинэ үеийн, ирээдүйн Үндсэн хуулиуд гэж таван үндсэн хэсэгт ангилдаг байна.


Түрүү үеийн Үндсэн хуулиудад 1700-1800-гаад оны үед гарсан АНУ (1787 он), Польш (1791 он), Франц (1793 он), Норвег (1819 он), Бельги (1831 он), Люксембург (1868 он), Швейцар (1874 он) зэрэг орны Үндсэн хууль багтана.

Дунд үеийн Үндсэн хуулиудад 1800-1900-гаад он буюу дэлхийн II дайны өмнө батлагдаж одоо үйлчилж буй Үндсэн хуулиуд орно. Тухайлбал, Австрали, Мексик, Ирланд зэрэг орны Үндсэн хуулийг нэрлэж болно.


Шинэ үеийн Үндсэн хуулиудад 1946-1990-ээд оны үед гарсан Үндсэн хуулиуд багтана. Одоо үйлчилж буй дэлхийн ихэнх улсын Үндсэн хууль чухамхүү энэ үед батлагджээ. Тухайлбал, Ази (Япон, Турк, Өмнөд Солонгос, Филиппин), Африк тивийн ихэнх улс, Өмнөд ба Хойд Америкийн орнууд (Бразил, Боливи, Гондурас, Доминикан, Сальвадор, Канад), Европын (Итали, Франц, Герман, Дани, Грек, Испани, Португал) орнуудын Үндсэн хуулиуд батлагдсан байна.


XX зуунд Үндсэн хуулийн шинэчлэлийн хэд хэдэн давалгаа явагдсан бөгөөд эхний хоёр нь дэлхийн I ба II дайны дараа, гурав дахь нь Ази, Африкийн олон орон колонийн дарлалаас чөлөөлөгдсөний дараа буюу 1960-аад оны үед болсон байна.  

Нэн шинэ үеийн Үндсэн хуулиудад 1990-ээд онд социалист систем задран унаж, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бүгд найрамдах улсууд тусгаар тогтнолоо зарласны  дараа батлагдсан Үндсэн хуулиуд хамаарна.


Гэхдээ хүн төрөлхтний анхны соёл иргэншлүүд үүссэнтэй зэрэгцээд хуулиудын эмхэтгэл буюу Үндсэн хуультай төстэй хууль эрхзүйн актууд батлагдсан гэж үздэг. Тухайлбал, археологичид 1877 онд Месопотамийн Гирсу гэдэг эртний хотын нурангинд малтлага хийж байгаад манай эриний өмнөх III мянган онд Лагаш Уруинимгина хааны үед баталсан хуулиудын бичвэрийг олжээ.  Түүнээс гадна, Үндсэн хуультай төстэй Вавилоны Хаммурапи хааны кодекс, Афины Солон ба Клисфений хуулиуд, Английн “Эрх чөлөөний их харти” зэргийг дурдаж болно.


Харин орчин үеийн хууль эрхзүйн ойлголтод нийцсэн анхны Үндсэн хууль бол 1789 оны 3 дугаар сарын 4-нд батлагдсан АНУ-ын Үндсэн хууль юм. Энэхүү хуульд төрийн дээд байгууллагуудын хооронд эрх мэдлийг хуваарилах, хүний эрх, өмчлөх эрхийн талаарх шинэ ойлголтуудыг бичмэл хэлбэрээр тусгаж, дарангуйлагч засаглалын эсрэг бослого гаргах эрхийг баталгаажуулснаараа онцлог. Уг хууль тухайн үеийнхээ нийгмийн харилцааны үндэс болж, иргэн, төр хоёрын харилцааг зохицуулж байснаараа орчин үеийн суурь хуулийн хэв шинжийг агуулдаг бөгөөд нэгдмэл систем бүхий баримт бичиг байсан тул бичмэл Үндсэн хуульд тавигдах нийтлэг шаардлагад нийцдэг. 


АНУ-ын дараа Польш улс /Речь Посполита/ 1791 онд, түүний дараа Франц улс Үндсэн хуулиа баталжээ. Гэвч удалгүй Польш улс задран бутарч, Францад хувьсгал гарснаар Үндсэн хууль нь удалгүй хүчингүй болсон юм.


Бичмэл ба бичмэл бус Үндсэн хуулиуд 


Бичмэл үндсэн хуулийг тодорхой схемээр боловсруулж, нэгдмэл баримт бичгийн хэлбэрээр гаргадаг. Дэлхийн улсуудын ихэнх нь бичмэл Үндсэн хуультай.


Тухайлбал, 200 гаруй жилийн өмнө батлагдсан АНУ-ын Үндсэн хууль дэлхийд хамгийн "урт настай"-д тооцогдож буйн учир гэвэл, нийгмийн харилцааны тогтвортой хэсгүүдийг зарчмын шинжтэй гол заалтуудаар бататгасны зэрэгцээ аар саархан зүйлүүдийг нарийвчлан заагаагүйд оршино. Өнгөрсөн 240 орчим жилийн хугацаанд нийтдээ хуулийн заалтуудыг өөрчлөх 10 мянга гаруй санал ирсэн боловч ердөө 27 удаа нэмэлт өөрчлөлт /сүүлчийнх нь 1992 онд/ оруулсан ба Үндсэн хуулийн үндсэн хэсгүүд нь огт хөндөгдөөгүй байна.


Бичмэл бус үндсэн хууль бол парламентын хуулиуд, шүүхийн прецедент, зан заншил зэрэг олон тооны актаас бүрддэг. Ийм үндсэн хуультай орон ердөө 7 байдаг бөгөөд  тэдгээр нь Их Британи, Шинэ Зеланд, Канад, Швед, Сан-Марино, Ливи, Израил юм.


Эдгээр улсын Үндсэн хууль нь Үндсэн хуулийн шууд тогтсон хэв загвар гэхээс илүүтэй тухайн улс үндэстний оюуны сэтгэлгээнээс хамааран нийтлэг бус хэв загварын хуулиуд мөн.  Албан ёсоор Үндсэн хуулиа батлаагүй орнуудын нэг бол Израил. Тус улс 1948 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Үндсэн хуулиа батлах гэж олон удаа оролдож байв. Гэхдээ энэ улсад Үндсэн хуулийн үүргийг хэд хэдэн гол хууль, тухайлбал, Кнессетийн тухай үндсэн хууль, засгийн газрын тухай үндсэн хууль, ерөнхийлөгчийн тухай үндсэн хууль, хүний эрхийн тухай үндсэн хууль гэх мэт 12 төрлийн суурь хууль (Basic Law) гүйцэтгэдэг бөгөөд шашны ба иргэний хуулиудын хоорондын ялгаатай байдал асар их байсан тул тэдгээрийг нэг баримт бичигт багтаах боломжгүй байжээ.


Их Британийн тухайд, дэлхийн хамгийн эртний хүний эрх, эрх чөлөөний баримт бичиг гэж хүлээн зөвшөөрөгдсөн Магна Хартыг 1215 онд Английн хаан Жон гарын үсэг зурж баталсан юм. Магна Харти нь 63 заалт бүхий баримт бичиг байсан бөгөөд хүн бүр, тэдний дотор хаан ч гэсэн хуульд захирагдана гэсэн зарчмыг тогтоосон тунхаг бичиг байв. Өөрөөр хэлбэл, Хааны хэмжээгүй эрх мэдлийг хэм хэмжээтэй болгон хязгаарлаж хуульчилснаас гадна иргэний эрх, эрх чөлөөг Магна Хартад зааж баталгаажуулсан нь орчин үеийн Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийн гол шинжийг агуулсан гэж үздэг. Магна Харта буюу “Эрх чөлөөний их тунхаг”-аас гадна 1689 онд батлагдсан “Эрхийн тухай тунхаг”-ийг /Bill of Rights/ дурдаж болно. Эдгээр хоёр баримт бичиг нь анх батлагдсан бичвэрээрээ өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн учраас Их Британи бол эрхзүйн хэм хэмжээг хамгийн түрүүнд тогтоосон улс гэж үздэг. Үүнээс улбаалан Британийн колони байсан Шинэ Зеланд, Канад улсууд уг хоёр баримт бичгийг Үндсэн хуулиа болгожээ.

Мөн эргэн тойрон Италийн газар нутгаар хүрээлэгдсэн Сан-Марино гэдэг жижиг улс Үндсэн хуульгүй. Гэхдээ түүхчдийн үзэж байгаагаар, Үндсэн хуультай холбоотой анхны эрхзүйн акт чухамдаа энэ улсад 1600 онд батлагджээ. Одоо Сан- Маринод Иргэдийн эрх ба төрийн байгуулалтын үндсэн зарчмуудын тухай Тунхаг ба Бүгд Найрамдах улсын Хууль тогтоох статут гэсэн хууль эрхзүйн хоёр үндсэн акт үйлчилж байна. Уламжлалт сонгодог ойлголтоор Үндсэн хуульгүй гэгддэг Ливи улсад мусульман шашны Коран судрыг гол хууль гэж үздэг байна.


Шведийн Үндсэн хуулийг хууль эрхзүйн 4 акт  орлодог бөгөөд эдгээр нь хаан ширээг залгамжлах тухай, хэвлэлийн эрх чөлөөний тухай, удирдлагын хэлбэрийн тухай, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуулиуд юм. Товчхон бичвэр бүхий эдгээр баримт бичиг нь төрт ёсны тулгуур багана болж байдаг. 


Дэлхийн улс орнууд Үндсэн хуулиудаа дунджаар 15-16 жил тутамд шинэчилдэг байна. Жишээ нь, сүүлийн 25-30 жилийн хугацаанд Европын ихэнх улс орон Үндсэн хуулиа шинэчилжээ. Норвег улс 1990 оноос хойш 3 удаа, Нидерланд – 1995 оноос хойш 4 удаа, Австри улс 1991 оноос хойш 7 удаа Үндсэн хуульдаа өөрчлөлт шинэчлэл оруулсан бол Бельги улс 1994 онд, Швейцар улс 1999 онд шинэ Үндсэн хууль баталжээ. Бельгичүүд Үндсэн хуулийнхаа 50 гаруй зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан бол швейцарчууд 10 удаа өөрчлөлт оруулж, Үндсэн хуулиа улам боловсронгуй болгожээ.


Сонирхолтой баримтууд


...Хамгийн урт бичвэртэй  Үндсэн хууль бол Энэтхэгийн Үндсэн хууль бөгөөд 395 зүйл заалт, 12 хавсралт, 103 нэмэлт өөрчлөлтөөс бүрдэх ба англи хэл дээрх хувилбар нь гэхэд 117 369 үгтэй. Үүний зэрэгцээ Энэтхэгийн Үндсэн хуулийн үг хэллэгийг ойлгоход хэцүү бөгөөд хуулийн зарим хэм хэмжээг бусад улсын Үндсэн хуулиас авч тусгасан байдаг. Түүнчлэн уг хууль системчлэгдээгүй замбараагүй тул тухайн хүрээний зүйл заалтууд нь хуулийн аль ч хэсэгт байж магадгүй тул олоход нэн хүндрэлтэй.   


...Харин хамгийн товч бичвэртэй Үндсэн хууль бол АНУ-ын Үндсэн хууль бөгөөд 4400 үгтэй, 1787 оноос хойш уг хуульд ердөө 27 өөрчлөлт оруулсныг дээр дурдсан. 

...Гэтэл хувьсгалт тэмцэл, бослогын хөлд олонтоо нэрвэгдэж байсан Францад гэхэд 15 удаа Үндсэн хуулиа өөрчилж, шинээр баталсан ба одоо үйлчилж буй Үндсэн хуулийг 1958 онд батлагдсан байна.   

...Хамгийн ардчилсан замаар хэлэлцэн баталсан Үндсэн хууль бол Исландын Үндсэн хууль бөгөөд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон тус улсын 950 иргэн уг хуулийг зохиоход оролцсон байна.

... Үндсэн хуульдаа төвийг сахих зарчим, энх тайвны төлөөх хүсэл эрмэлзлээ тусгасан Европын цорын ганц улс бол хүн бүхний боддог шиг Швейцар бус харин Мальт ажээ.

... Ватиканы Үндсэн хууль нь дэлхийн улс орнуудын Үндсэн хуулиас эрс ялгаатай бөгөөд товчхон бичвэр бүхий уг баримт бичигт Ромын Папын эрх, үүргийг тусгасан байдаг. 

Related news