Тангараг өргөх ёслолд Маск, Цукерберг, Безос нар оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 15 /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолд Tesla, SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос нар оролцоно гэж NBC телевиз мягмар гарагт мэдээлжээ.
Тэд засаг захиргааны төлөөлөгчид, албан тушаалтнуудын дэргэд индэр дээр сууна гэж тангаргийн ёслолын талаар мэдээлэл бүхий эх сурвалж NBC-д ярьсан байна. Д.Трампын тангараг өргөх ёслолд эдгээр нөлөө бүхий тэрбумтнууд оролцох гэж байгаа нь технологийн салбарын удирдлагууд шинэ ерөнхийлөгчтэй богино хугацаанд таатай харилцаатай болсныг илтгэж байна.
Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд Ж.Безос “Washington Post” сонины эзэмшлийн талаар, мөн “Amazon” болон АНУ-ын Шуудангийн алба хоорондын харилцаа, татварын хэмжээ зэрэг
асуудлаар Ерөнхийлөгчтэй
байнга зөрчилдөж байсан юм. М.Цукербергийн хувьд цагаачлал,
ташаа мэдээлэлтэй холбоотойгоор санал зөрөлддөг байв.
Харин Д.Трамп хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа технологийн салбарынхан түүний тангараг өргөх ёслолд зориулсан санд хандив өргөж, хэд хэдэн гүйцэтгэх захирал түүнийг магтан сайшааж, шинэ засаг захиргаанд амжилтыг хүсэн ерөөжээ. И.Маск гэхэд, Д.Трампын засаг захиргааны бүрэлдэхүүнд багтаж, “Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хянах яам” гэдэг нэртэй зөвлөлийг удирдана.
Amazon, Meta
компаниуд Д.Трампын тангараг өргөх ёслолд зориулсан санд тус бүр нэг
сая доллар хандивлажээ. Өнгөрсөн долоо хоногт CNBC-гийн мэдээлснээр, Google мөн нэг сая доллар хандивласан
байна. Үүнээс гадна OpenAI-ийн
гүйцэтгэх захирал Сэм Альтман
1 сая доллар хандивласан бөгөөд Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк ч мөн ийм хэмжээний мөнгө хандивласан тухай Axios цахим хуудсанд мэдээлжээ.
И.Маск, М.Цукерберг, Ж.Безос нарын төлөөлөгчид NBC-гийн мэдээг тодруулах гэсэн хүсэлтэд
одоогоор хариу өгөөгүй байна.