ДОРНОГОВЬ: Тэмээний тоо толгойгоор улсад хоёрдугаарт орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг 2024 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 58119 тэмээ тоолуулсан байна.
Өмнөх оныхтой харьцуулахад тэмээний тоо, толгой 3582 буюу 6,6 хувиар өсжээ. Мандах 11.47 мянган тэмээгээр аймагтаа тэргүүлж байгаа бол удаах байрт Хатанбулаг 11.3 мянга, Хөвсгөл 7.58 мянга, Сайхандулаан 6.42, Улаанбадрах 6.19 мянган тэмээгээр эхний тавд бичигдэж байна.
Харин улсын хэмжээнд Өмнөговь аймаг 148.2 мянган толгой тэмээгээр тэргүүлж буй бол Дорноговь аймаг 58119 тэмээгээр хоёрдугаар байрт, Баянхонгор аймаг 50.8 мянган тэмээгээр гуравдугаар байрт тус тус бичигдэж байна.
Тиймээс Дорноговь аймгийн ЗДТГ, Монгол тэмээн соёл уралдааны холбооны Дорноговь салбар хамтран “Их говийн тэмээ-2025” наадмыг энэ оны хоёрдугаар сарын 7-8-нд Сайншанд сумын нутаг Хилэнцтэй хөшөөний орчимд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Монгол тэмээг сурталчлах, тэмээний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уламжлалт наадмын үеэр тэмээчдийн улсын зөвлөгөөн, тэмээний соёлыг өвлөн уламжлагчдын дунд ур чадварын тэмцээн, атан тэмээ, тором, тайлагны уралдаан, ашиг шим сайтай ингэ, буур, сайхан тэмээтэй сайхан хос уралдааныг зохион байгуулж шалгаруулна.