Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жилийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-02-04 19:37:43

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. ШУА-ийн төв байрны их чуулганы танхимд өнөөдөр “Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил-2025” хурал боллоо.

 

Шинжлэх ухаан технологийн ололтыг залуу үед сурталчлах, олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор НҮБ-аас 2025 оныг Квантын шинжлэх ухаан технологийн олон улсын жил болгосон. Эдийн засаг, аж үйлдвэр, ер нь бүх салбар квантын технологигүйгээр цаашаа хөгжих боломжгүй тул ийнхүү чухалчлан үзжээ.


"Квант механик гэдэг физикийн хууль шинжлэх ухааны бүх салбартай холбоотой. Лазерын технологи, хагас дамжуулагчийн электроник, бидний мэдэх компьютерын үндэс болсон микро электроникийг Квантын анхдугаар хувьсгал, түүнчлэн квант компьютер, квант имперматик, квант дүрслэл, квант сенсор 4-ийг квантын 2 дугаар хувьсгалын жишээ гэж үздэг. Энэ үндсэн ойлголтууд бидний амьдралд нэвтрээд аль хэдийн ердийн хэрэглээ болоод байна. Цаашдаа бидний амьдралд улам их хэрэглэгдэх болно. Гэхдээ одоо бүрэн төгс болсон юм биш, хязгаарлагдаж байгаа зүйлс бий. Түүний дараагийн хөгжлийг ирээдүйн залуус хийх юм" хэмээн уг хурлын ач холбогдлыг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал, академич Ж.Даваасамбуу онцолж байлаа. 

 

Түүнчлэн тэрбээр, "Ард түмнээ соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үндэстэй мэдлэг олгох ажлыг бид хийх ёстой" хэмээн тодотгоод, "Ийм учраас бид бүтэн жилд 12 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Квант технологийн хүрээнд квант хими, квант биологи, квант мэдээлэл зүйг хэлэлцэхээс гадна 14 дүгээр сургууль дээр өнөөдөр 12 туршилт хийнэ" гэлээ.

 

Монгол Улс Азийн физикийн олимпиадыг 2023 онд амжилттай зохион байгуулсан. Энэхүү олимпиадад 27 орон оролцсон бөгөөд тус олимпиадыг зохион байгуулах хүрээнд 21 аймагт физикийн сургалт сайжруулах ажлыг зохион байгуулжээ.


Өдгөө МУИС-ийн физикийн хөтөлбөрт 51 оюутан хамрагдаж байна. Дээр нь ШУТИС, МУБИС-ийн физикийн хөтөлбөрт олон оюутан хамрагдах байдлаар үр дүн гарсан. Эндээс олон нийтэд зөв системтэй мэдээлэл хүргэх сургалт сурталчилгаа хэрэгтэй нь ажиглагдсан тул дээрх хурлыг зохион байгуулж байгаагаа зохион байгуулагчид нь тодотгож байлаа. 









Related news