Сагсан бөмбөгийн шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-11 09:49:34

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лиг “Бүх оддын тоглолт”-ын дараа түр хугацаанд завсарлалаа.


“Бүх оддын тоглолт”-ын үеэр Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг гурван арванд тодорхойлж явсан үе үеийн шилдгүүд цугларч, сагсан бөмбөг сонирхогчдод жинхэнэ баяр бэлэглэв. Тэгвэл шигшээ багийнхан өчигдрөөс нэгдсэн бэлтгэлд гарлаа. Учир нь, Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ оны ААШТ-д оролцох эсэхээ шийдэх тун чухал хоёр тоглолтоо энэ сарын 20, 23-нд хийнэ. Эхлээд хоёрдугаар сарын 20-нд Гуамын талбайд зочлон тоглох бол 23-нд Улаанбаатар хотноо Японы шигшээ багийг хүлээн авах юм. Дээрх хоёр тоглолтоос хамгийн чухал нь Гуамын эсрэг хийх тоглолт билээ. Хэрэв Монголын шигшээ баг тэднийг талбайд нь 12 болон түүнээс дээш оноогоор хожиж чадвал ААШТ-д оролцох боломжоо хадгална. Өөрөөр хэлбэл, эрхийн төлөө нэмэлт тоглолтыг өөр хэсгийн гуравдугаар байрт орсон багтай хийнэ гэсэн үг. Харин үүнээс бага оноогоор хожих, эсвэл хожигдвол манай шигшээ багийн аялал энэ хүрээд өндөрлөнө.


Одоогоор С хэсгийг Япон найман оноогоор тэргүүлж, Хятад долоон оноотой удаалж байгаа. Харин Гуам тав, Монгол дөрвөн оноотой явна. Хэрэв Монгол Гуамыг талбайд нь хожвол хоёр баг хоёулаа ижил зургаан оноотой болно. Тэгэхээр хоорондын тоглолтын үр дүнг харгалзах ажээ. Гуамын шигшээ баг өнгөрсөн онд Монголыг талбайд нь 74:63-аар хожсон. Тиймээс 12 болон түүнээс дээш оноогоор заавал хожих хүндхэн даалгавартай нүүр тулав.


Тэгвэл өчигдөр грек мэргэжилтэн Фрагкиас Василойс 18 тамирчныг цугларалтад дууджээ. Тодруулбал, Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, Э.Сугар-Очир,  Г.Дөлгөөн, О.Энхбаатар, Ч.Тэмүүлэн, Б.Барсболд, Г.Балжинням, Б.Энх-Амар, Ч.Маргад, Т.Ууганбаяр, Ч.Ихбаяр, Б.Билгүүн, О.Эрдэнэцогт, Э.Саруул-Эрдэнэ, Э.Энхбаясгалан, Г.Болор-Эрдэнэ, А.Азбаяр нар өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтлаа. Эдгээрээс Ш.Энхийн-Одоос бусад нь энэ удаа шигшээ багтаа тоглох бүрэн боломжтой юм байна. Г.Дөлгөөн, Э.Сугар-Очир нар эх орондоо ирсэн бол Д.Баясгалан ирэх боломжтой гэдгээ мэдэгджээ.


Ташрамд дурдахад, Саудын Арабын Жедда хотод наймдугаар сарын 5-нд эхлэх ААШТ-д одоогийн байдлаар Саудын Араб, Австрали, Япон, Филиппин, Шинэ Зеаланд, Ливан, Йордан гэсэн долоон баг өрсөлдөх эрхээ авчээ. 



Related news