Дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-11 10:06:52

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран мах, махан бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ.


Цагаан сарын баярыг угтан нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор мах экспортлогч компаниуд энэхүү худалдаанд оролцож байгаа юм. Ингэхдээ Баянзүрх дүүргийн “Тэнгэр”, Жуковын талбай, Баянгол дүүргийн “Улаанбаатар палас”, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төвийн гадна талбайд мах борлуулж байна.


Махны үнэ өргөтгөсөн худалдааны хүрээнд үхрийн ястай мах 14000, хонины мах 12500 төгрөгийн үнэтэй байгаа аж. Энэхүү үйл ажиллагаа нь нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг тогтвортой хангах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хямд, чанартай мах нийлүүлэхэд  ач холбогдолтой юм.

Related news