БУЛГАН: Хөтөлбөрийн хүрээнд сурагчдын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-02-14 10:12:56

Булган, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдын санхүүгийн суурь мэдлэгийг сайжруулах "Level-UP" хөтөлбөрийн нээлтийг Булган аймагт зохион байгууллаа.


Нээлтийн ёслолд УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т. Цэрэнбадрал, БЕГ-ын НТБХ-ийн дарга Ц. Баясгалан, Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхгэрэл нар оролцсон байна.


Мөн “Санхүүгийн боловсрол-миний амьдралд” панел хэлэлцүүлгийг зохион байгуулж, мөнгийг зөв удирдах арга зам, зарцуулахаас өмнө хуримтлуулах, санхүүгийн хариуцлага, ёс зүйтэй байхын ач холбогдлын талаар хэлэлцүүллээ.


Нээлтийн үйл ажиллагаанд тус хөтөлбөр хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургуулиудын 300 гаруй сурагч, багш, удирдах ажилтны төлөөлөл оролцож байна.


Оролцогч суралцагчдын дунд санхүүгийн боловсролын суурь мэдлэг, ойлголтоо сорьсон “Цахим сорилго” зохион байгуулж, амжилттай оролцсон суралцагчдад номын багц, хадгаламж нээх эрх бэлэглэлээ.







Related news