П.Наранбаяр: Цахим сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-14 17:31:41

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг Боловсролын яамнаас эхлүүлсэн тухай тус яамнаас мэдээллээ.


Боловсролын сайд П.Наранбаяр ярихдаа, “Боловсролын яаманд ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг миний зөвлөх Д.Гантулга ахална. Австралид 2024 оны 11 дүгээр сарын 29-нд нэгэн хууль баталж, дэлхий дахинаа олны анхаарлыг татсан. Энэ хууль нь 16 хүртэлх насны хүүхдийг фэйсбүүк, тикток, твиттер зэрэг олон нийтийн сүлжээ рүү орохыг хориглосон. Үүнийг судалж, нөлөөг нь нягтлан Монгол Улсад 16 хүртэлх насны хүүхдийг цахим орчгы хэрэглээг хязгаарлах судалгааны ажлыг эхлүүлж байна. Иймэрхүү суурь өөрчлөлтийг хийхэд маш сайн судалгаа шаардана.


Нийгмээрээ хэлэлцэж, зөвшилцөх хэрэгтэй. Судалгааны бэлтгэл ажлыг хангаж ажиллана. 2020 онд хийсэн цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаарх судалгаанд эцэг эхчүүдийн 91 хувь нь цахим орчны халдлагад хүүхдүүд нь өртөж байгаагүй гэдэг ойлголттой байна. Гэтэл хүүхдүүдийн 87 хувь нь цахим халдлагад өртөж, 60 хувь нь эцэг эхдээ хэлээгүй гэж хариулсан байсан. Мөн олон нийтийн сүлжээгээр зохисгүй агуулга цацагдах, хүүхэд насанд тохироогүй байдалд уруу татах, цахим дээрэлхэлт үүсэх гэх мэт олон асуудал гарч байна. Үүнээс хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг. Цахим орчинд соёлтой зөв харьцаж сурах нь нийгэмд маш хэрэгтэй. Бид энэ чиглэлээр тодорхой алхам хийхгүй бол оройтох нь байна. Гэхдээ хүүхэд интернэтэд хандах бүрэн эрхийг хөндөхгүй. Интернэтээс хэрэгтэй мэдээллээ авах сувгууд нь нээлттэй байна. Австрали улс шиг тусгайлсан хууль гаргах уу, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу гэдгийг нийгмийн бүлгүүдтэй ярилцаж, шийднэ” гэв.


Тэгвэл Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга, “Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж байгаа асуудал дэлхий нийтийг хамарч байна. Дэлхий дээр ярьж байгаа энэ асуудалд анхаарах цаг нь болсон. Хүүхдүүд дэлгэцэнд хамааралтай болохоор донтолтын хэмжээ ихэсдэг. Ийм өвчтэй болж байгааг бид бүхэн анзаарахгүй байна. Монголчууд бид үр хүүхдүүдээ эрүүл чийрэг, ухаан саруул болгож өсгөхийг хүсдэг. Хүүхдүүддээ гар утас өгөхөөр ямар их баярлаж, эргүүлээд авахаар ямар их сэтгэл гутралд ордог билээ. Хөдөлгөөний дутагдалд орж, нүдний хараа муудаж байна. Тиймээс энэ хуулийн төслийг санаачлахаар ажиллаж байна” хэмээн ярьсан юм.  

Related news