БУЛГАН: Таван аваргын нэрэмжит барилдаанд улсын аварга О.Хангай хоёр дараалан түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. XVII жарны Элдэв эрдэнэт хэмээх хөхөгчин могой жилийн сар шинийн баярт зориулсан Булган аймгаас төрөн гарсан "Таван аварга"-ын нэрэмжит барилдаан боллоо.
Тус барилдаанд улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Анар, Б.Серик, Д.Хүдэрбулга тэргүүтэй улсын цолтой 17, аймгийн цолтой 33 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.
Их шөвгийн
дөрөвт улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын начин
Д.Амарсайхан, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар үлдэж Ховд аймгийн Буянт сумын
харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат
улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэж, хурсан олныг баясгалаа.
Улсын начин О.Хангай таван аваргын барилдаанд хоёр жил дараалан түрүүллээ. Луу жилийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан үзүүрлэж байжээ.
Тодруулбал: Далай даян, дархан аварга Б.Түвдэндорж, Даян аварга С.Цэрэн, Даншгийн их аварга Ш.Намхай, Даншгийн их аварга Ш.Лувсанжамбаа нар Булган аймгийн түүхэнд тодрох их аваргууд юм.