БАЯНХОНГОР: Шинийн нэгний өглөө хонины толгой заадаг уламжлал өвлөгдөн иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг зарим нутагт онцлог зан заншилтайгаар тэмдэглэн иржээ. Ламын гэгээнийхэн гэгддэг Баянхонгор аймгийн зарим сумынхан сар шинээр тавгийн идээ, ууц тэргүүтнээр ширээ засахын зэрэгцээ бурхандаа тавгийн идээ, хонины толгой /эвэртэй/, шаант чөмөг бүхий гуя, хуйхтай сүүл, хонины гургалдайг чанаж таваг засдаг уламжлалтай.
Энэ нь аман хишгийн бэлгэдэл төдийгүй бурхан тахилдаа хонин өргөл барьж буй нэгэн хэлбэр юм. Энэхүү идээгээ битүүний өдөр засан залахдаа хонины толгой нүд, ам, чих буюу нүхтэй хэсэг бүрийг цагаан тос, өрөм тосоор битүүлж тавиад, шинийн нэгэнд зан үйлээ үйлддэг байна.
Заслын томоохон утга агуулгыг оршоосоор ирсэн энэхүү зан үйлийг шинийн нэгний өглөө эртлэн хонины толгойг зааснаар эхлүүлдэг. Эхнэр, нөхөр эртлэн босож үүр цайхаас өмнө иж бүрэн хувцаслаад, хаалгаа нээн босгон дээрээ гудас давуулан дэвсэнэ. Гэрийн эзэн хонины толгойг заахад бэлтгэн хутгаар ором гаргаад хаалганы гадна хэсэгт, эзэгтэй дотор талд сууж байгаад хонины толгойг заах зан үйл үйлддэг. Ингээд өрхийн гишүүн бүр насны дарааллаар аавтайгаа, дараа нь ээж нь толгойг бариад хүүхдүүдтэйгээ, хүүхдүүд нь томоосоо эхлэн бүх дүү нартайгаа толгой заадаг уламжлалтай. Өрхийн гишүүн бүр нэг нэгэнтэйгээ тус зан үйлийг үйлдсэнээр хоорондын эв түнжин батжих, гадны хар цагаан хэл амнаас хамгаалагддаг гэж үздэг.
Ийнхүү хонины толгойн эрүүг зааж тавиад шинийн гурвандаа өрхийн гишүүн бүрд хүртээж, тухайн жилийн засал боллоо гэж бэлгэшээдэг. Нүдийг хүртэхдээ сайхан бүхнийг харна гэж, чихийг хүртэхдээ сайн мэдээ сонсоно гэж, хэлийг хүртэхдээ муу хэл амнаас гэтэлгэнэ гэж, тагнайг идэхдээ уран болно гэж бэлгэшээн хүртдэг байна.
Энэхүү зан заншлыг Баянхонгор аймгийн Өлзийт, Эрдэнэцогт зэрэг сумынхан өвлөн уламжилж иржээ.