Сүүлийн таван жилд 621 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-02-18 16:33:56

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол орны хэмжээнд сүүлийн таван жилд 621 орчим ой хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Өнгөрсөн онд 21 аймгийн 55 суманд 137 удаагийн ой хээрийн түймэр гарчээ.


Хуурайшилт ихтэй буюу дөрөв болон аравдугаар сард ой, хээрийн түймрийн дуудлага хамгийн их ирдэг аж. Харин 5-7 дугаар сарын хооронд 12-15 удаагийн түймрийн тохиолдол бүртгэгдэж байгааг Онцгой байдлын албаныхан мэдээлэв.


ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр хэлэхдээ, “Сүүлийн дөрвөн жилд гарсан 480 удаагийн гал түймрийн тэн хагас нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт бүртгэгдсэн. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдаж, ихэнх нутгаар дунджаас дулаан, хур тунадас багатай байх төлөв гарсан. Үүнээс шалтгаалан хуурайшилт, салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байна. Тиймээс энэ хавар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд төв, орон нутгийн онцгой комиссын дарга, онцгой байдлын удирдлагуудад зөвлөмж хүргүүлж, урьдчилан сэргийлж байна” гэв. 



Related news