БАЯНХОНГОР: Төрийн албаны шалгалтын бүртгэл энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-02-20 19:32:26

Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улирлын Ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл үргэлжилнэ. 


Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд бүртгэлийг хийж байгаа бөгөөд шалгалт өгөх хуваарийг гуравдугаар сарын 10-ны өдөр байршуулах юм. Шалгалтыг хуваарийн дагуу гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн салбар комисс зохион байгуулна.


Шалгуулагчид ерөнхий мэдлэг, монгол хэл бичиг, дүн шинжилгээний 100 асуултад хариулж 100 оноо авахаас босго оноо 60. 


Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа /улиралд нэг/ авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтой болж буй.


Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэсэн 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номын агуулгын хүрээнд шалгалтыг авна. Ил тод байдлыг хангах үүднээс бусад шалгуулагчид болон иргэдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглах боломж бүрдүүлж, хянах дэлгэцийг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын нэгдүгээр давхарт хүлээлгийн хэсэгт байршуулжээ.


Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн албанд 181 байгууллагад 5000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Related news