БАЯН-ӨЛГИЙ: Сурагч М.Ибрахим олон улсын боксын тэмцээнээс алтан медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотод зохион байгуулсан өсвөрийн боксын олон улсын тэмцээнд Баян-Өлгий аймгийн өсвөрийн 14 тамирчин амжилттай оролцож, Маралын Ибрахим 42 кг жинд түрүүлэн алтан медаль хүртэж, шилдэг боксчны бүс хүртжээ.
М.Ибрахим Өлгий сумын 1 дүгээр ахлах сургуулийн
8в ангийн сурагч, 2023 оноос эхлэн боксын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд
2023 онд Казахстаны Өскемен хотод зохиосон өсвөрийн боксчдын олон улсын
тэмцээнээс хүрэл медаль, 2023 онд “Өлгий сум 2023” бага нас, өсвөр үеийн олон
улсын тэмцээнээс хүрэл медаль, Казахстаны Алматы хотод зохиосон өсвөрийн олон
улсын тэмцээнээс хүрэл медаль, Казахстаны Өскемен хотод зохиосон өсвөрийн
боксчдын олон улсын тэмцээнээс мөнгөн медаль, 2024 онд Баян-Өлгий аймгийн өсвөр
үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Казахстаны Өскемен
хотод зохиосон өсвөрийн боксчдын олон улсын тэмцээнээс хүрэл медаль, Казахстаны
Астана хотод зохиосон өсвөрийн боксчдын олон улсын тэмцээнээс хүрэл болон
мөнгөн медаль, Дундговь аймагт зохиосон “Дундговь-2024” олон улсын тэмцээнээс
хүрэл медалийг тус тус хүртсэн бол энэ удаа хоёрдугаар сарын 16-19-ний өдрүүдэд Казахстаны
Өскемен хотод зохиосон өсвөрийн боксчдын олон улсын тэмцээнээс алтан медаль, 19-22-ны өдрүүдэд Казахстаны Алматы хотод зохиосон “Алматы-2025 Hassak boxing” өсвөрийн
боксчдын олон улсын тэмцээнээс мөн алтан медаль хүртэж, шилдэг боксчны бүсээр
шагнуулжээ.
Гаргасан амжилтынх нь талаар өсвөрийн боксчин
М.Ибрахимаас тодруулахад, “Миний бие одоо 8 дугаар ангийн сурагч, хичээл
сурлагадаа шамдахын хажуугаар боксын спортоор 2023 оны эхнээс хичээллэж
эхэлсэн. Шаргуу хичээллэснээр аймгийн болон улсын хэмжээний, олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Мөн энэ
удаа олон улсын тэмцээнээс өөрийн жиндээ өрсөлдсөн тамирчдаас шалгарч 2 алтан
медаль хүртэж, шилдэг боксчны бүсээр шагнуулж ирсэндээ баяртай байна. Цаашид боксын
спортоор дагнан хичээллэж, эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргах мөрөөдөлтэй.
Мөн миний бие хурдан морь унах, уях их сонирхолтой. Үеийн хүүхдүүддээ хичээл сурлагынхаа хажуугаар спортоор хичээллэхийг уриалж байна. Намайг үргэлж дэмждэг багш Р.Жоламан дасгалжуулагчдаа, өвөө эмээ, аав ээж, ах дүү нар болон найзууддаа баярлалаа” гэв.