СЭЛЭНГЭ: Баталгаатай хүнс сонгон хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалахыг уриаллаа
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 27 /МОНЦАМЭ/.
Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай
холбогдуулан иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүсэл нь
тодорхой, шинжилгээний дүн, хаяг шошго, хэрэглэж дуусах хугацааг сайтар нягталж
баталгаатай хүнс сонгон хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалахыг
аймгийн ХХААГ-аас уриаллаа.
Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж
ахуйн газрын хяналтын хэлтсээс Цагаан сарын баярыг угтан аймгийн Эрүүл мэндийн
газар, Мал эмнэлгийн газартай хамтран худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл
эрхлэгч нийт 52 иргэн, аж ахуйн нэгжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн
байна.
Хяналт шалгалтын явцад 159 зөрчлийг илрүүлж, 79 зөрчлийг газар дээр нь
арилгуулжээ.
Мөн 13 иргэний, 6 нэр
төрлийн 26 бүтээгдэхүүний дээжийг авч аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн
лабораторийн хими, нян судлалын шинжилгээнд хамруулсан
байна.
Шалгалтын явцад шинжилгээгээр бүтээгдэхүүнд бичил
биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан
байна. Мөн хаяг шошгогүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд
хамрагдаагүй, албан шаардлагын биелэлтийг хугацаанд нь ирүүлээгүй гэх
зөрчил гарчээ.
Зөрчил гаргасан 7 иргэнд Зөрчлийн
тухай хуулийн холбогдох заалтаар хариуцлага тооцож, илэрсэн зөрчлийг
арилгуулахаар 5 иргэн, аж ахуйн нэгжид 5 мэдэгдэл, 7 иргэн, аж ахуйн нэгжид
улсын байцаагчийн хугацаатай 120 заалттай 7 албан шаардлагыг хүргүүлж, зөрчил
дахин давтагдахаас урьдчилан сэргийлж холбогдох зөвлөгөө, зөвлөмжийг өгсөн
байна.







