СЭЛЭНГЭ: Цуврал тэмцээн "Хайрлан дуулах эх орон" урлагийн тоглолтоор эхэллээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-08 12:01:06

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын  8 /МОНЦАМЭ/. "Монгол цэргийн өдөр", орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 104 жилийн ой, чөлөөлөх дайны 80 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цуврал тэмцээн "Хайрлан дуулах эх орон" урлагийн тоглолтоор эхлээд байна.

 

Энэхүү уламжлалт үйл ажиллагааны гол зорилго нь Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, харилцан ажиллагааг бэхжүүлэх, иргэд олон нийтэд цэрэг эх оронч үзлийг сурталчлан таниулахад чиглэдэг бөгөөд тэмцээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцдогоороо онцлогтой юм.

 

Урлагийн тоглолтыг багийн мэндчилгээ, хамтлаг дуу, хамтлаг бүжиг, яг түүн шиг, авхаалж самбаа, ур чадварын тэмцээн гэсэн төрлөөр зохион байгууллаа.

 

Тэмцээнд Хилийн цэргийн 0101 дүгээр анги, Хилийн цэргийн 0243 дугаар анги, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус бүрээс 8 хүний бүрэлдэхүүнтэй 5 баг өрсөлдсөн юм.

 

Ингээд тэмцээний тэргүүн байрт Хилийн цэргийн 0101-р ангийн "Алтан гэрэгэ" баг шалгарч, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн "Хилийн сүлд" баг, Онцгой байдлын газрын "Эрчист" баг тус тус удаалжээ.

 

Уламжлалт тэмцээн шагайн харвааны тэмцээнээр үргэлжилж байна.