Түймэрт өртсөн аймаг, сумдын иргэдэд хүрэх тусламжийн цуваа өнөө өглөө хөдөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Улсын хэжмээнд гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан,Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил сум буюу нийт таван аймгийн 12 суманд 15 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатарын Асгат, Эрдэнэцагаан, Хэнтийн Баян-Овоо суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бол бусдыг нь зогсоожээ.
Энэ
талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр мэдээлэхдээ, “Өчигдөр
гарсан түймрийн улмаас урьдчилсан байдлаар нийт 170 мянга орчим га талбай, 38 гэр,
дөрвөн чингэлэг, дөрвөн автомашин хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48
бод мал, 3500 боодол өвс түймэрт өртсөн бөгөөд хохирлын хэмжээг эцэслэн
тогтоогоогүй байна. Мөн өчигдөр Дундговь аймгийн Өндөршил, Хэнтий аймгийн
Өмнөдэлгэр суманд түймрийн дуудлага мэдээлэл ирснийг унтраасан. Зүүн аймгуудад
гарсан түймрийн хохирлыг барагдуулах, иргэдэд тусламж үзүүлэхээр хоёр ажлын
хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна. Түймэрт өртсөн иргэдэд улсын нөөцөөс
гэр олгох юм. Өнөөдрийн цаг агаарын байдлаар зүүн аймгийн нутгуудад салхитай,
Сүхбаатар аймагт бага зэрэг хур тунадастай байна. Монгол орны хавар, намрын
цагт гарсан түймэр маш богино хугацаанд их талбайд тархдаг онцлогтой. Учир нь
салхины хурд, хуурайшилт ихтэй байдагтай холбоотой. Энэ төрлийн түймрийг хүний
оролцоотойгоор унтраахад маш өндөр эрсдэлтэй байдаг” хэмээн ярьсан. Тэгвэл иргэдэд
тусламж үзүүлэх цуваа өнөөдөр өглөө зүүн аймгуудын зүг хөдөлжээ. Харин түймрийн
голомтод ажиллах албаныхан яг одоо Хэнтий, Дорнод, Сүхбаатарыг зорих гэж байна.
Түүнчлэн
энэ сарын 11, 12-нд зүүн аймгуудын
нутгаар тодорхой хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна. Цаг, уур
орчны шинжилгээний газраас хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор
Сүхбаатар аймгийн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт суманд үүлэнд зориудаар нөлөөлөх
экспедицийн ажлыг эхлүүлсэн. Үүний үр дүнд дээрх сумдад 0.3 мм хүртэлх нойтон
цас оржээ. Тэгвэл уг ажлыг Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд үргэлжлүүлэх аж.