Т.Энхбаяр: Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь Италийн Элчин сайдын яам, Жендэрийн үндэсний хороо хамтран “Цаг эрхээр бэхэжсэн хүчирхэгжилт: Жендэрийн эрх тэгш байдал руу зорих зам” сэдэвтэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлгийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд явуулсан бөгөөд үүнд Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, УИХ-ын гишүүн, Монгол-Италийн парламент хоорондын найрамдлын бүлгийн дарга А.Ундраа, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шеннон Коулин, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Матильда Димовска, Халид Шарифи тэргүүтэй албаныхан оролцов.
Энэ үеэр Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр ярихдаа “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулахад анхаарах шаардлагатай байна. Ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарна. Мөн жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтөд анхаарал хандуулж, УИХ-тай хамтран хөгжүүлэх юм. Эцэст нь жендэрт суурилсан хүчирхийлэлд онцгой анхаарна. Хүчирхийллийн тоо буурахгүй байгаа учраас дорвитой үйл ажиллагаа явуулна. Жендэрийн үндэсний хорооноос “Харилцан хүндэтгэе” нэртэй аяныг зарласан. Энэ хүрээнд Монгол цэргийн баярыг тохиолдуулан эрэгтэй, эмэгтэйчүүдэд үндэсний хэмжээнд тулгамдсан зургаан асуудлыг санал болгож, эмэгтэйчүүдийн ажлын байрыг дэмжих, хүүхдээ харангаа ажиллах боломжоор хангах зэргийг энэ сарын 25-нд УИХ-тай хамтран хэлэлцэнэ. Үүнд хувийн хэвшлийн байгууллагуудыг татан оролцуулахаар төлөвлөсөн” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр найруулагч Паола Кортеллесигийн “Маргааш хэвээр байна” киног үзэгчдэд толилуулсан юм. Энэхүү дэлгэцийн бүтээлийн зохиолыг зохиолч Жулиа Календа, Фурио Андреотти нар бичжээ. Тус кино 2023 онд нээлтээ хийж, Италийн кино зах зээлд багагүй шуугиан тарьсан. Учир нь, жендэрийн тэгш байдал, гэр бүлийн хүчирхийллийг хөндсөн сэдэвтэй байжээ. Дайны дараах 1940-өөд оны Италид өрнөж буй үйл явдлыг харуулсан энэхүү кино нь нууцлаг захидал хүлээн авсныхаа дараа гэр бүлийн уламжлалт хэв маягийг эвдэж, өөр ирээдүй рүү тэмүүлж буй Делиа хэмээх эмэгтэйн тухай өгүүлдэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ромын кино наадмаас гурван шагнал хүртээд зогсохгүй Италийн бүх цагийн хамгийн их орлоготой 10 киноны нэг болсон юм. Түүнчлэн 69 дэх удаагийн Дэвид ди Донателлогийн наадмын 19 номинацид нэр дэвшсэнээс шилдэг шинэ найруулагч, эмэгтэй жүжигчин, туслах дүр, эх зохиолоос, залуучууд болон үзэгчдийн нэрэмжит гэсэн зургаан шагнал хүртжээ.