Төрийн албаны ерөнхий шалгалтад 4041 иргэн бүртгүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-12 10:01:47

Улаанбаатар,2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Төрийн албаны энэ оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтыг орон даяар эхлүүллээ. 


Нийт 4041 иргэн бүртгүүлснээс 1703 хүн нийслэлд шалгалт өгөх юм. Өдөрт таван ээлжээр авах шалгалт энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ. 


Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар тогтсон байдаг.


Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболд ярихдаа, “Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл, орон нутагт цахимаар явуулж байна. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох хууль, журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсон. Ингэснээр хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй болгож, шалгалтын дүн бусдаас бус зөвхөн өөрөөс нь хамаарч, хэн сайн хичээж бэлдсэн нь тэнцэх, шалгалтад дээд оноо авах нөхцөл бүрдсэн” гэв.


Төрийн албаны өнгөрсөн оны ерөнхий шалгалтад нийслэлд 7749 иргэн бүртгүүлж, 5427 иргэн шалгалт өгснөөс 2057 нь тэнцэж байжээ. 

Related news