Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад Ялалтын 80 жилийн ойн медаль гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-13 16:20:16

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.  Энэ жил 1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигаар Монголын 25 ахмад дайчинд “1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жил” ойн медаль гардуулах ёслол боллоо. 


Монгол Улсад өдгөө чөлөөлөх дайнд оролцож явсан 25 ахмад дайчин бий бөгөөд тэднээс Улаанбаатар хотод амьдарч буй таван ахмад дайчин үр хүүхдүүдийн хамт ОХУ-ын ЭСЯ-нд хүрэлцэн ирэв. Тэдний дөрөв нь Чөлөөлөх дайнд оролцогч Намсрайн Пүрэвжалба, Ундрахын Доржпалам, Гомбосүрэнгийн Шагдар, Дорлигжавын Санжид, нэг ахмад дайчин бол Халхын голын дайны үед фронтод сувилагчаар ажиллаж байсан Цэрэнгийн Чимэдцэрэн гуай юм.


ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков ахмад дайчдад “1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жил” ойн медаль гардуулав. 


Тэрбээр хэлэхдээ, Өнөөдөр бид Аугаа их Эх орны дайнд германы фашизмыг, Дэлхий хоёрдугаар дайны эцсийн шат болох Манжуурын давшилтын ажиллагаа буюу Чөлөөлөх дайнд японы милитаризмыг бут цохиж хамтын ялалт байгуулахад үнэлшгүй хувь нэмэр оруулсан Монголын ахмад дайчдад хүндэтгэл илэрхийлж байна. Та бүхэн 80 жилийн тэртээ Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн дайтаж Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улс төдийгүй хамаг дэлхийг хүнийг үзэн ядах, устган сүйтгэхэд чиглэсэн дэглэмээс хамгаалахаар бат зогсож, хүний эр зориг, амиа хайрлахгүй байх, хариуцсан үүрэгтээ үнэнч байх зэрэг хүний шилдэг зан чанарыг гаргажээ. Энэхүү ойн медаль нь хойч үеийнхнээс Та бүхэнд гүнээ талархаж байгаа, Та бүхний ажил үйлс мөнх оршихын бэлгэ тэмдэг бөгөөд Их ялалтыг авчрахад Та бүхний байгуулсан гавъяаг өндрөөр үнэлж байгаа явдал юм” гэдгийг тодотгов. 


1945 оны чөлөөлөх дайнд Монголын 21 мянга гаруй цэрэг дайчин оролцож байжээ. 


 


Related news