Ж.Энхжаргалан: Наадмын сорилго барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жилийн баяр наадмаар хамгийн их шүүмжлэл дагуулсан хиймэл зүлэгний асуудлаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд, улсын аварга О.Хангай, “Бөхбилэгт” дэвжээний дасгалжуулагч, гарди Д.Рагчаа, засуул, жаяг дэгийн багийн төлөөлөл уулзаж, санал солилцов.
Энэ үеэр улсын аварга О.Хангай, “2015 онд тавьсан хар резин барилдах явцад ямар ч хөлсгүй болгодог, хаймар үнэртдэг, эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй байгааг анзаарсан. Харин өнгөрсөн жил шинээр тавьсан зүлэг усаа шингээхгүйгээс болж халтиргаа их байлаа. Халтиргаанаас болоод дөрвөн хүн гэмтэж, бүтэн жилийн хөдөлмөрөө үнэгүйдүүлсэн. 30-аад хүн халтирч жилийн хөдөлмөрөөрөө хохирсон. Ховд аймгийн Чандмань сумын Б.Пүрэвсайхан заанаас эхлээд одоо хүртэл заал танхимын барилдаанд барилдаж чадахгүй. Эмчилгээ хийлгээд явж байгаа хүндрэлтэй асуудлууд байна. Тиймээс энэ зүлгийг заавал солих нь зүйтэй. Дүүргэгч материал гээд байгаа зүйлээ хар резинээр биш өөрөөр хийгээрэй” гэлээ.
Харин Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, “Наадмын хоёр өдрийн үйл ажиллагааны ихэнх хувь нь бөхчүүд дээр төвлөрдөг. Энэ бол улс орны нүүр царай бүхий л зүйлд хамаатай. Ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Бид наадмын комисс руу давхар саналаа өгье. Шалгарсан компаниа шахаж, дор бүрнээ хариуцлагатай ажиллах байх гэж найдаж байна. Туршилтыг ядаж ганц удаа хийх хэрэгтэй байна. Намайг барилддаг байхад амьд зүлгэн дээр наадмаа хийдэг байлаа. Болдог л юм билээ. Өнгөрсөн жилийн дутуу дулимаг ажлаас болж бөхчүүд эрүүл мэнд, бие сэтгэл, хөлс хөдөлмөрөөрөө маш их хохирсон. Үүнд гомдолтой байна, гомдлоо ч гаргана” хэмээн ярьсан юм.
Тэгвэл Төв
цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, “Өнгөрсөн жилийн
наадмын үеэр барилдааны зүлэгтэй холбоотой асуудал олон нийтийн анхааралд орж,
санал шүүмж өрнөсөн. Энэ удаад бид асуудлыг нухацтай авч үзэн, бөхчүүдийн санал
хүсэлтийг тусгаж, тэдэнд хамгийн тохиромжтой шийдлийг хэрэгжүүлэхээр ажиллаж
байна. Баяр наадмын өмнөх сорилго барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион
байгуулахаар төлөвлөсөн. Та
бүхний санал шүүмжийг нээлттэй хүлээн авч хамтдаа ярилцан, монгол түмний их
баяр наадмыг улам сайжруулахын төлөө хичээн ажиллана. Өнгөрсөн жил богино хугацаанд бэлтгэл, засвар үйлчилгээ давхацсан
учраас зүлэг дээр алдаа гарсан. Монгол
бөхийн зүлгийн стандарт гэж дэлхийд байхгүй. Тиймээс монгол бөхийн гуталд
хамгийн бага халтирч байгаа хиймэл зүлгийн технологийг боловсруулна. Энэ жил
шинэ стандартын зүлгээ эрт дэвсэж, наадмаас өмнө бөхчүүдээр шалгуулна. Бөхчүүдийн
сандал суудал, орц гарц, амрах зай талбайн асуудлыг ая тухтай байж шийдэхийн
төлөө ажиллая. Амьд зүлэг тарих тал дээр нэлээн хүнд, хэцүү нөхцөлд байгаа.
Зургаадугаар сарын 15-ны дараа наадмын бэлтгэлийн ажил эхэлнэ. Бид өнгөрсөн
жилийн алдаан дээрээсээ суралцаж, энэ жил судалгаагаа сайн хийх болно” гэв.