Үнэрт нүүрстөрөгч тодорхойлох суурин багаж, дагалдах тоног төхөөрөмжтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-31 15:14:35

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Олон улсад өргөн ашигладаг, үнэрт нүүрс устөрөгч тодорхойлох суурин багаж, дагалдах тоног төхөөрөмжийг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид авч өгөхөөр болжээ.


Тус лаборатори нь нийслэлийн агаарын чанарыг автомат 13 суурин станц дээр 6 үзүүлэлтээр, гадаргын болон хаягдал бохир усны хяналт шинжилгээг сар бүр 8-17 цэгт 10-23 үзүүлэлтээр, хөрсөн дэх хүнд металлыг 7 үзүүлэлтээр, агрохимийн шинж чанарыг 6 үзүүлэлтээр тодорхойлж, агаар, ус, хөрсний чанарын хяналт шинжилгээг хийдэг.


Гэвч агаар, ус, хөрс, дуу чимээ, үнэрийн бохирдлыг нарийвчлан тодорхойлох техникийн боломж бүрдээгүй байгаа. Цаашид бохирдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлохын тул шинжилгээний тоо хэмжээ, нэр төрөл, чанар, цар хүрээг нэмэх, багаж төхөөрөмжийг шинэчлэх, олон улсын түвшинд хүргэх, инженер техникийн ажилтны чадавхжуулах шаардлагатайг лабораторийн удирдлага танилцуулсан байна.


БОУАӨЯ-наас БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн чадавхыг сайжруулах МОН-21” төслийн хүрээнд лабораторийн барилга шинээр барьж, агаар, ус, хөрсөн дэх бохирдлыг 100-аас доошгүй үзүүлэлтээр тодорхойлох боломж бүрдүүлэхийг зорьж байгааг БОУАӨЯ мэдээлжээ. 

Related news