Засгийн газар дотоодын зах зээл дээр үнэт цаас гаргахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-04-04 13:49:44

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Үнэт цаасны зах зээлийг дэмжих, санхүүгийн зах зээлд төгрөгийн бондын суурь хүүг тогтоох зорилгын хүрээнд Сангийн яамнаас Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 8 жилийн дараа дотоод үнэт цаасыг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нээлттэй арилжаалахаар боллоо.


Засгийн газраас хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөжтэй, найдвартай, эрсдэл багатай, хөрвөх чадвар өндөртэй, хүүгийн орлогын албан татваргүй үнэт цаасыг санал болгож байгаа юм. Харин бонд эзэмшигчийн хувьд өөрийн эзэмшиж буй бондыг төлбөрийн болон бусад аливаа баталгааны барьцаа болгох боломжтой байдгаараа онцлогтой. Ийнхүү дотоодын зах зээл дээр үнэт цаасыг арилжаалж эхэлснээр суурь өгөөжийн жишиг хүү бүрдэж, бондын үнэлгээ олон улсын жишгийн дагуу тогтдог болох, цаашлаад дотоодын бондын зах зээл хөгжих, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хамтын нээлттэй, хаалттай хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо өсөх ач холбогдолтой.


Засгийн газрын дотоод үнэт цаасыг арилжаалж эхэлснээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлд оролцох идэвхийг нэмэгдүүлэх томоохон хөшүүрэг болно гэж Санхүүгийн зохицуулах хорооноос үзэж байна.

 

Related news