Банкны салбарын үзүүлэлт өсөж, нийт актив 15 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Манай улсын банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 хувиар нэмэгджээ.
Банкнаас олгож
буй зээлүүд эдийн засгийн салбарыг сэргэхэд чухал нөлөөтэй хэвээр байгааг
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар банкны салбарын 2025
оны эхний хагас жилийн тойм судалгааг танилцуулах үеэрээ тэмдэглэв.
Түүнчлэн,
бизнесүүдэд шинээр олгосон зээл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 19 хувиар
нэмэгджээ. Үүнийг дагаад бизнесийн зээлийн чанаргүйдэл багассанаас гадна иргэд,
аж ахуйн нэгжүүд хадгаламжаа хугацаатай хадгаламж руу шилжүүлж эхэлжээ. Хэдийгээр
төгрөгийн ханш суларсан ч иргэдийн төгрөгт итгэх итгэл их байгаа нь төгрөгийн
хадгаламж 15 хувиар нэмэгдэхэд нөлөөлжээ.
Манай улсын эдийн
засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 5.6 хувьтай гарсан. Хөдөө аж ахуйн салбар
сэргэж, эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг бүрдүүлж байна. Харин уул уурхайн
салбар хүлээлтээс доогуур байсан нь тус салбарыг дагасан худалдаа, тээврийн
салбарт сөргөөр нөлөөлж эдийн засгийн өсөлтийг хойш татжээ. Уул уурхайн
бүтээгдэхүүний үнийн уналтаас үүдэн экспортын хэмжээ багассан нь төгрөгийн
ханшид дарамт үзүүлж байна.
Уул уурхайн
бүтээгдэхүүнээс авах татварын орлого 12.3 хувиар багассан нь төсвийн орлого
буурахад нөлөөлжээ. Урсгал зардал нь төсвийн зардлын дийлэнх хувийг эзэлж
байна. Төсвийн тэнцэл 758 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
“Төсвийг
боловсруулахдаа гадаад, дотоод эрсдэлт хүчин зүйлийг сайтар тооцож төсөв,
мөнгөний бодлогын уялдааг ханган, бодит эдийн засгийг дэмжихгүй бол нэг салбар сэргэхээр бусад нь унадаг байдал руу шилждэг
тогтолцоотой болох нь“ гэдгийг Банк санхүүгийн академийн ахлах эдийн засагч Ч.Сосорбарам
санууллаа.