Монгол, Лаос улс IT салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Ардчилсан Лаосын Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавадтай уулзав.
Уулзалт
хоёр улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт анх удаа албан ёсны
харилцаа тогтоож, хамтын ажиллагааны үндсийг тавьснаараа онцгой ач холбогдолтой
байв.
Сайд Ц.Баатархүү “e-Mongolia” системийг танилцуулж, технологийн
дэвшил болон иргэдэд үзүүлж буй бодит үр ашгийг тэмдэглээд, тус системийг нэвтрүүлснээр Монгол Улс НҮБ-аас хоёр жил тутам гаргадаг “Цахим Засаглалын индекс”-т 28
байраар урагшилж, 190 орноос 46 дугаарт эрэмбэлэгдсэнийг онцлов.
Тэрбээр
Лаосын талд “e-Mongolia” системийн эх кодыг экспортолж, үүнийг үндэслэн
“e-Laos” нэртэй төрийн үйлчилгээний цахим шинэ систем хөгжүүлэх санал дэвшүүлэв. Энэ санаачилга нь хоёр
улсын хамтын ажиллагааг мэдээллийн технологийн салбараар хязгаарлалгүй, төрийн
үйлчилгээг ил тод, хүртээмжтэй, шуурхай хүргэхэд чухал алхам болно гэдэгт талууд санал нэгдлээ. Цаашид
талууд харилцан туршлага хуваалцах, дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжийг хэлэлцэн, санал солилцсон байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 11 дүгээр сард Лаос Улсад төрийн айлчлал хийсэн бол Лаос Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 6 дугаар сард манай улсад төрийн айлчлал хийж байв. Хоёр талын дээд түвшний харилцан айлчлалаар эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэл, төрийн албаны шинэчлэл зэрэг гурван баримт бичигт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бол харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь хамтын ажиллагааг ийнхүү албан ёсоор эхлүүлснийг ЦХИХХЯ мэдээлжээ.