Дэлхийн экспо үзэсгэлэн Осака хотноо нээгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-04-14 11:00:45

ТОКИО, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Kyodo/. Дэлхийн экспо үзэсгэлэн Японы Осака хотноо ням гарагт нээгдлээ. Тогтвортой ирээдүйг цогцлоох зорилго бүхий энэхүү үзэсгэлэн зургаан сарын турш үргэлжлэх бөгөөд дотоодын эдийн засагт дэмжлэг үзүүлнэ гэж зохион байгуулагчид найдаж байна. 


Ирэх 10 дугаар сарын 13 хүртэл Осакагийн булангийн Юмэшима хэмээх хиймэл арал дээр үргэлжлэх экспод дэлхийн 158 улс орон, бүс нутаг оролцож, ойролцоогоор 28.2 сая хүн үзэх төлөвтэй байна. Экспогийн гол үзмэрүүд нь дэлхийн хамгийн том модон байгууламж хэмээн Гиннесийн номонд бүртгэгдсэн Grand Ring” хэмээх байгууламжид байрлах юм.



Японы асрын гол үзмэрүүдэд 2000 онд Антарктидаас олсон “Ангарагийн чулуу багтсан бол Осака муж болон хотын засаг захиргааны эрүүл мэндийн сэдэв бүхий асарт биеийн ямар ч төрлийн эд эс болон ургах чадвартай үүдэл эс болох iPS эсээр ургуулсан зүрхний булчингийн ялтсыг үзүүлэх ажээ. iPS эсийг Нобелийн шагналт, Киотогийн их сургуулийн iPS эсийн судалгаа, хэрэглээний төвийн хүндэт захирал Шинья Яманака гарган авчээ. Осакагийн их сургуулийн профессороор ахлуулсан багийн бүтээсэн зүрхний булчингийн ялтсын тусламжтайгаар зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнүүдийг эмчлэх юм.



Нээлтийн өмнөхөн энэ сарын эхээр туршилтын арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Бүжиг, дуу, гэрлийн үзүүлбэрээс бүрдсэн нээлтийн ёслол бямба гарагт болж, эзэн хаан Нарүхито, хатан Масако, Ерөнхий сайд Шигэрү Ишиба тэргүүтэй 1300 хүн үзсэн байна. Энэхүү үзэсгэлэнг 28.2 сая хүн үзэж сонирхсоноор улсын хэмжээнд 2.92 их наяд иен буюу 20 тэрбум ам.долларын эдийн засгийн үр өгөөж авчирна гэж засгийн газар тооцоолжээ. Оргил ачааллын үед өдөрт 220 мянган хүн ирэх төлөвтэй байна. 



Гэсэн хэдий ч барьж дуусаагүй асрууд, агаарын бөмбөлөг хөөргөх зардлын талаарх мэдээлэл нь зарим эргэлзээг төрүүлжээ. Экспогийн зардал нь анх тооцоолж байсан 235 тэрбум иенээс ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн тасалбарын борлуулалт тооцоолж байснаас удаашралтай байна. Лхагва гаргийн байдлаар, 2023 оны 11 дүгээр сараас хойш 9 сая орчим тасалбар зарагдсан нь 14 саяд хүрнэ гэж тооцоолсноос доогуур байгаа юм.


Япон улс Дэлхийн экспог өмнө нь хоёр удаа зохион байгуулж байсан бөгөөд хамгийн сүүлд 2005 онд Айчи мужид болж байлаа. Харин Осакад 1970 онд зохион байгуулах үед түүнийг дотоодын 64 сая гаруй жуулчид үзжээ.  

 


Related news