Энтрепренершипийн боловсрол олгох төслийг орон нутагт хэрэгжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-15 10:07:42

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл хэрэгжүүллээ.


Уг төслийг Японы хүүхдийг ивээх сан, “Нийгмийн хөгжлийн сан” болон Дэлхийн банкны дэмжлэгтэй 2019-2025 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд таван аймгийн 29 суманд “Сургуульд суурилсан энтерпрайс”, “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” чиглэлээр сургалт зохион байгуулжээ.


Төслийн гол зорилго нь орон нутгийн хүүхэд, залуучуудын хувь хүний ур чадварыг хөгжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн хувьсан өөрчлөгдөж буй эрэлтэд нийцсэн, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхэд оршиж байгаа юм. Энэ хүрээнд таван аймгийн 29 суманд орон нутгийн оролцогч талууд, хувийн хэвшил, эцэг эхчүүдээс бүрдсэн төслийн аймаг, сумын зөвлөлийг байгуулж, ESEL сургалтад сургууль завсардсан, ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй 8773 хүүхэд, залуучуудыг хамруулахаас гадна 594 багшийг бэлтгэжээ.


Энэхүү төсөлд хамрагдсан сургуулийн багш, удирдах ажилтан, хүүхэд, залуучууд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол эзэмшсэнээр сурлагын амжилт нь сайжирч, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэж эхэлсэн байна.

 

Related news