Эмх цэгцгүй байршуулсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршуулсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг скүүтер, цахилгааны дугуйны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг “Tapatrip”, “Jet”, “Eco Bike” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршуулсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцлэх талаар санал солилцлоо.
Тэрбээр ярихдаа, ”Нийслэлээс та бүхний үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Иймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж 18-аас доош насны хүүхдүүдийн
хэрэглээг хязгаарлах, үйлчилгээний системдээ хэрэглээний соёл, ухаалаг шийдлийг
нэвтрүүлэх хэрэгтэй. Мөн хяналтыг сайжруулж, иргэдийн хөдөлгөөнд саад болохуйц
эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг тогтмол цэгцлэх шаардлагатай" гэв.
Харин скүүтер, цахилгаан дугуйны түрээсийн үйлчилгээ
үзүүлдэг компанийн удирдлагууд цаашид тухайн хэрэгслийг зөвшөөрөгдсөн бүсэд
байрлуулахыг хэрэглэгчдээ уриалж, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай хийнэ гэдгээ
илэрхийлсэн юм.