АРХАНГАЙ: “Малчин кемп” хөтөлбөрийг энэ зун хэрэгжүүлнэ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2025-04-16 10:29:03

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн эдийн засгийн хөгжлийн нэг хөшүүрэг нь сүүлийн жилүүдэд аялал жуулчлал болоод байна.


Аялал жуулчлалын бүс болгон тусгайлсан маршрут бүхий байгалийн болон түүх соёлын 18 гайхамшиг бий. Үүнээс гадна 2024 оноос “Малчин кемп” хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж байна.

 

Тус хөтөлбөрийг аймгийн Засаг даргын Тамгын газар “Ара трэвел менежмент” ХХК-тай хамтран хэрэгжүүлдэг.

 

Энэ хөтөлбөр нь нутгийн уугуул малчин болон нутгийн иргэдийн мал аж ахуйгаас хамааралтай орлогын төрлийг нэмэгдүүлж, өрхийн орлого, амьдралын түвшнийг нэмэгдүүлэх, Архангай аймагт жуулчин хүлээн авах боломжтой ор хоногийг нэмэгдүүлэх нөгөө талдаа Монгол Улсыг олон улсад сурталчлах, нүүдэлчин ахуй, ёс заншлыг жуулчдад ойроос мэдрэх боломжийг олгох алсын зорилготой юм.


Энэ зорилгын хүрээнд Архангай аймгийн аялал жуулчлалын гол маршрутад орсон аялал жуулчлалын бүс газруудад амьдарч буй малчин иргэдийг жуулчин хүлээн авах боломжийг олгосон байна.


Мөн жуулчдын төвлөрлийг сааруулж, гэр буудал, гэр кемп зэрэг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын жишиг загварыг бий болгоно гэж харж буй.


2024 онд аялагч, жуулчид их зорчдог 30 байршилд 60 айлыг сонгон, “Малчин кемп” хөтөлбөрийн хүрээнд гэрүүдийг тохижуулж, малчин айлуудад өрхийн бизнесээ удирдах, үйлчилгээний анхан шатны мэдэгдэхүүнийг олгох чиглүүлэх сургалтуудыг шат дараатай хийсэн юм. 

Дээрх 60 айл нь хуурай био жорлонтой, өөрсдийн гэсэн гэртэй, уналгын номхон морьтой, сүү цагаан идээгээ өөрсдөө боловсруулж, малаа хариулдаг байх гэсэн шаардлагуудыг хангасан юм. Яагаад гэвэл Архангай аймгийг зорьж ирсэн жуулчид монгол ахуйг харж, өөрсдөө оролцох боломжийг бүрдүүлэх үүднээс дээрх болзлыг тавьжээ.


Өнгөрсөн жил Архангай аймгийн аялал жуулчлалын гол маршрутад ордог Тариат, Ихтамир, Цэнхэр, Эрдэнэбулган, Өлзийт, Хашаат, Хотонт, Өгийнуур гэсэн 8 сумын 25 байршилд 50 айл үйл ажиллагаа явуулсан байна.

Эдгээр айлууд нь “Visit ARA” хөтөлбөр болон хувийн шугамаар аялагчдын захиалгыг авсан ба “Visit ARA” хөтөлбөрөөр дамжуулан 10.1 сая төгрөгийн захиалгыг хүлээн авсан байна.

Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын идэвхтэй 60 хоногт амрагч хүлээж авахаас дээд тал нь 20 хоногт нь амрагч хүлээн авчээ. “Малчин кемп”-ийн хүрээнд өнгөрсөн оны 7, 8 дугаар сард 1026 хүн 256 гэр захиалсан байна.

 

Энэ хөтөлбөрийг жил бүр өргөжүүлэн, тогтмолжуулж, илүү олон айлыг хамруулан аялагчдыг хүлээн авч ажиллах ба айлуудад хонох амрагчдын захиалгыг www.visit-ara.com вебсайтаар авч байна.