Бизнес регистрийн санд бүртгэлтэй хуулийн этгээдийн бүтэц, ангилал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-04-26 10:48:36

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Статистикийн бизнес регистрийн санд 2025 оны 1 дүгээр улиралд 266.1 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байна.


Түүний 25.2 мянган хуулийн этгээд шинээр нэмэгджээ. Харин 0.2 мянган хуулийн этгээд татан буугдсан аж. Тус санд бүртгэлтэй хуулийн этгээдийн 206.6 мянга нь компани, 33.3 мянга нь төрийн бус байгууллага (ТББ), 13.3 мянга нь хоршоо, 5.4 мянга нь нөхөрлөл, 5 мянга нь төсвийн байгууллага, 2.6 мянга нь төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ), орон нутгийн өмчит үйлдвэрийн газар (ОНӨҮГ) болон бусад хэлбэртэй байна.


Бизнес регистрийн санд бүртгэлтэй нийт хуулийн этгээдийн 193.2 мянга нь Улаанбаатар хотод, 24.8 мянга нь Төвийн бүсэд, 21.9 мянга нь Хангайн бүсэд, 17.5 мянга нь Баруун бүсэд, 8.8 мянга нь Зүүн бүсэд байгаа аж.


Орхон, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Өмнөговь аймагт 5.0-5.7 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаа юм. Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь аймагт бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 0.8-1.9 мянга байна.


Статистикийн бизнес регистрийн бүртгэлтэй 266.1 мянган хуулийн этгээдийн 41.2 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ 58.8 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй аж. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 89.2 мянга нь түр зогсоосон, үлдсэн 67.1 мянга нь үйл ажиллагаа эхлээгүй.


Хуулийн этгээдийг ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай 86.3 хувийг, 10-19 ажиллагчидтай 6.3 хувийг, 20-49 ажиллагчидтай 4.7 хувийг, 50 ба түүнээс дээш ажиллагчидтай 2.7 хувийг эзэлдэг. Эдгээрээс 1-9 ажиллагчидтай хуулийн этгээд 2024 оны мөн үеийнхээс 0.4 нэгж хувиар нэмэгджээ.


Мөн үйл ажиллагаа явуулж байгаа нийт хуулийн этгээдийн 86.3 мянга нь худалдаа, үйлчилгээний салбарынх байна.


Статистикийн бизнес регистр нь аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, регистрийн дугаар, хөрөнгө, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ (аж ахуйн нэгж, байгууллагын орлого, үндсэн хөрөнгийн хэмжээ), ажиллагчдын тоо, цалин, эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал зэрэг үндсэн үзүүлэлтийг багтаасан. Мөн аж ахуй нэгж, байгууллага /ААНБ/-ын  эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тодорхойлдог. Түүнээс гадна ААНБ-ын бүтцэд дүн шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээг бусад мэдээллийн эх үүсвэртэй холбох зорилго агуулдаг онцлогтой гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбар хийжээ.

Related news