БАЯНХОНГОР: Аймгийн тэргүүний уншигчдыг шалгарууллаа
ФОТО МЭДЭЭ
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг "Үндэсний бичиг, соёл"-ын өдрийг угтан Баянхонгор аймгийн "Тэргүүний уншигч" шалгаруулах уралдааныг зохион байгууллаа.
Уралдааныг Баянхонгор аймаг дахь хэлний бодлогын салбар зөвлөл, Нийтийн номын сан, Боловсролын газар хамтран дөрвөн насны ангиллаар 3 үе шаттай зохион байгуулж, аймгийн төв болон сумын 17 сургуулиас 130 гаруй оролцогч үндэсний бичгийн унших чадвараараа өрсөлдөв. Мөн үеэр аймгийн Нийтийн номын сангаас сан хөмрөгтөө хадгалж буй монгол бичгээр бичигдсэн түүхэн, уран зохиолын болон шашин, сурган хүмүүжүүлэх агуулгатай 50 гаруй ном, гар бичмэл, судар бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж олон нийтийн хүртээл болгосон юм.
Үндэсний бичиг, түүх, соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, үндэсний бичгээрээ бахархах, сурч эзэмших хүсэл эрмэлзлийг төрүүлэх, монгол бичгийн унших чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус уралдааныг Баянхонгор аймгийнхан жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Шүүгчдээс мэргэжлийн 10 гаруй багш ажиллаж, оролцогчдын унших, ойлгох, илэрхийлэх чадварыг үнэлэн дүгнэхэд, уралдааны 6-7 дугаар ангийн ангилалд "Номундалай" сургуулийн 7а ангийн сурагч Г.Оюунзориг, 8-9 дүгээр ангийн ангилалд Баянлиг сумын 9б ангийн сурагч Б.Монголмаа, 10-12 дугаар ангийн ангилалд "Номундалай" сургуулийн 12е ангийн сурагч Ч.Өлзийсайхан, насанд хүрэгчдийн ангилалд Өлзийт сумаас оролцогч Д.Ариунаа тэргүүлжээ. Насны ангилал тус бүр эхний гурван байрт шалгарсан 9 сурагч тавдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо болох улсын уралдаанд оролцох эрхтэй боллоо. Энэхүү уралдаан нь үндэсний бичиг үсгээ дээдэлсэн, соёлын дархлаатай, эх хэлээ эрхэмлэсэн уншигчдыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан чухал үйл ажиллагаа болж байна.
Сонирхуулахад, Уралдааны хамрах хүрээ жил ирэх тусам тэлж, оролцогчдын тоо нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Мөн насанд хүрэгчдийн ангилалд аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилтан, албан хаагчид өргөн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь төрийн албан хаагчдыг үндэсний бичиг соёлоо сурах, эзэмшихэд манлайлсан явдал болсныг онцолсон юм.











